Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа өрсөлдөгчөө шалгаж өгөхийг хүссэн нь батлагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дотоод улс төрийн өрсөлдөөндөө Украины эрх баригчдыг оролцуулахыг завдсан гэх дуулиан дэгдэж, конгрессын мөрдөн шалгах ажил эхлээд байгаа билээ.

Долдугаар сарын 25-ны өдөр Трамп утсаар ярихдаа Украинд өгөх зэр зэвсгийн тусламжийн хариуд өсөлдөгч Жо Байдентай холбоотой гэгдэх хэргийг шалгаж өгөхийг Володимир Зеленскийгээс хүссэн гэж яригдаж байгаа.

АНУ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй энэ үйлдлийн талаар тагнуулын албаны нэгэн ажилтан наймдугаар сарын сүүлээр хууль зүйн яаманд мэдээлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд энэ талаар анх удаа нийтэд мэдээлсэн юм.

Одоо АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Трампын үйлдлийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Шалгалтын дүн гарсны дараа ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах юм.

Хэрвээ конгрессын хоёр танхим хоёул Трампыг хууль зөрчсөн гэж үзвэл огцруулах асуудал яригдана.

Конгрессын зүгээс шахалт үзүүлсний эцэст өчигдөр Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг Цагаан ордон анх удаа ил болгожээ.

Трамп утсаар ярихдаа Зеленскийд шахалт үзүүлэхийн тулд Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг гацаагаагүй нь тэмдэглэлээс харагдаж байна гэж Цагаан ордны албаныхан тайлбарласан байна. Тэмдэглэлд өгүүлснээр ярианы эхэнд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Зеленскийд баяр хүргэжээ.

Гэвч удалгүй тэрээр улс төрийн өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Жо Байдентай холбоотой гэгддэг дуулианыг мөрдөн шалгаж өгөхийг Украины ерөнхийлөгчөөс хүссэн байна. “Би ерөнхий прокуророо танай хүмүүстэй яриулж, энэ дуулианыг тодорхой болгомоор байна. Хүүгийнх нь компанийг авлигын хэргээр шалгаж байсан прокурорын ажиллагаанд Байден нөлөөлж зогсоосон гэж маш олон хүн ярьдаг. Олон хүн уг асуудлыг тодорхой болгохыг хүсэж байгаа тул манай ерөнхий прокурортой танай талаас хамтарч ажиллавал тун сайн байна” хэмээн Трамп ярьжээ.

Зеленский өөрийнх нь шинээр томилох гэж байгаа прокурор уг асуудалд анхаарлаа хандуулах болно гэж хариуд нь амласан байна.

Үүнээс гадна Трамп 2016 оны сонгуулийн үеэр Оросын тагнуулуудад мэдээлэл алдсан гэгддэг Ардчилсан Намын серверийн байрлалыг тогтооход туслахыг Зеленскийгээс хүссэн байна.  Тэрээр уг серверийг Украинд байрладаг гэж албаны хүмүүсээс сонссоноо нэмж хэлжээ.

Трамп тэмдэглэлийг дэлгэхээс өмнө ярихдаа Байдены хүү Хантертай холбоотой компанийг шалгаж өгөхийг Зеленскийд хүссэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хантер Байден нь Украины байгалийн хийн Бурисма компанийн удирдах зөвлөлд ажилладаг юм. Тус компанитай холбоотой авлигын хэргийг шалгаж байсан прокурор сүүлд албан тушаалаасаа огцорсон бөгөөд үүнд эцэг Байден нөлөөлсөн гэх цуу яриа байдаг.

Зеленскийтэй утсаар ярихаасаа хэдхэн өдрийн өмнө Трамп АНУ-аас Украинд үзүүлэх байсан $400 саяын зэр зэвсгийн тусламжийг түдгэлзүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Трамп уг тусламжаар барьцаалан Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн гэх сэжиг яригдаж байна.

Тэмдэглэлийг нийтэд үзүүлэхийн өмнө Трамп “Бидний хооронд нөхөрсөг, зүй зохистой яриа болсныг та бүхэн харах болно. Ямар ч шахалт үзүүлээгүй, Байден болон түүний хүү шиг албан тушаалдаа дулдуйдан хувийн эрх ашгаа хамгаалаагүй! Энэ бол бүх цаг үеийн хамгийн том улс төрийн гүтгэлэг юм!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Конгрессоос томилогдсон мөрдөн шалгах комисс Цагаан ордноос гаргаж өгсөн ярианы тэмдэглэл болон бусад бичиг баримтуудтай танилцаж байна. 

 

Эх сурвалж: The Washington Post