Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх сарын 29-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай зориулалтын Сансрын бөмбөлөг хөөргөнө"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд "Марса” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд "Бидний бүтээл сансарт" уралдаан зарлалаа.

Уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансарын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө.

Бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх аж.

Манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болно

Энэ талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Тус бөмбөлөг хөөрөхдөө нийслэл хотын агаарын чанарын мэдээллийг цуглуулж, хэмжилт хийх шинжлэх ухааны даалгаврыг давхар гүйцэтгэхээрээ онцлогтой.

Сансрын бөмбөлгийг энэ чиглэлээр 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол Коосэн Технологийн коллеж, Япон улсын ЧИБА-ийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөхөөр бэлтгэж байна.

Ингэснээр манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болох юм” гэлээ.

 Шилдэг бүтээлийг 380 азтай иргэний нэртэй хамт сансарт хөөргөнө

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн ахлах зөвлөх Д.Болор “Сансар судлал дэлхий даяар маш хүчтэй хөгжиж байна. Хүн төрөлхтөн гараг хоорондын аялал, сансрын судалгааны чиглэлээр технологийн хөгжүүлэлтийг маш өндөр түвшинд хийж байна.

Энэ уралдааны зорилго нь Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраах юм.

 Энэхүү уралдаан нь Монгол Улсын ЕБС-иудын дунд зарлагдаж байна. Бүтээлийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 14-ний өдөр хүртэл хүлээж авна.

Уралдаан гурван үе шаттай явагдах бөгөөд ирсэн бүтээлүүдээс шилдэг 20-ийг нь хоёрдугаар үе шатанд оролцуулна.

Ингээд аравдугаар сарын 24 гэхэд тэдгээр бүтээлээс эхний гурван бүтээлийг шалгаруулах юм. Шалгарсан бүтээлийг Улаанбаатар хотын сүлд Хангарьд, гэнэтийн байдлаар сонгогдсон 380 азтай иргэний нэртэй хамт сансарт хөөргөнө ” гэв.

Монгол далайд гарцгүй ч сансарт гарцтай орон

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр “Манай байгууллага өнгөрсөн онд байгуулагдсан. Өмнө нь сансрын судлалын төв төрийн мэдлийн байгууллагууд байсан бол шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хувийн болж, өөрчлөгдөж байна.

Сүүлийн үеийн шилдэг 100 стартапын хөрөнгө оруулалтаас 41 нь сансрын чиглэлийн хөрөнгө оруулалт байгаа юм.

Монгол далайд гарцгүй ч сансарт гарцтай орон. Бид энэ тал дээр маш бага хөрөнгөөр дэлхийн улсуудтай зэрэгцэн алхаж, зарим тал дээр гүйцэх ч боломж бий.

Энэ боломжийг судалж үзсэний үндсэнд манай байгууллага байгуулагдсан. Одоогоор бид АНУ-ын NASA, Япон улсын JAXA, ОХУ-ын Роскосмос, БНЭУ-ын ISRO агентлагуудтай хамтын ажиллагаа эхлүүлээд байна.

Энэхүү үйл явдал бол манай улсын сансар судлалыг хөгжүүлэхэд маш том алхам болно” гэлээ.

Нийслэл хотод хийгдсэн агаарын чанарын судалгаа хөндлөн чиглэлд явагдаж байсан. Харин энэхүү агаарын бөмбөлөг босоо тэнхлэгийн дагуу хөөрөх учраас агаарын бохирдлын чанарын индексийг графикчилсан байдлаар судалж гаргах боломж бүрдэж байгаа аж.

Шинжлэх ухааны даалгавар заавал биелэгдэхгүй тохиолдол бий. Гэхдээ хаа хүртэл явах, ямар үр дүн гарах тал дээр өөрсдийгөө сорьж үзэж байх ёстой. Магадгүй 38,000 метртээ хүрэхгүй, эсвэл түүнээс давж ч болно гэдгийг "Марса” ТББ-ын инженер хэлсэн юм.

Бүтээлийг 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл "PEARL TOWER", Б блокын 3 давхарт, 302 тоотод буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн байранд хүлээж авна.

Уралдааны удирдамж: