Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-ийн 23 дугаар хороонд 1,280 айлын орон сууц барих байршлыг Тэргүүлэгчид батлав

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр "Содон" хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89% нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж.

Уг байршилд нийт 4,600 хүн ам, 1,280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ.
 

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд 2,017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3,417 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид санал бодлоо хэлсний дараа нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, холбогдох газруудын тал талын оролцоог хангаж, ажлын хэсэг байгуулж, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болгов.

Мөн дээрх 1,280 айлын орон сууц барих төсөлтэй холбоотойгоор төслийн удирдах хороог байгуулаад, хувийн хэвшлүүдээ дэмжиж, чиглүүлж ажилла. Шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээний төсөв мөнгийг яаж тусгах талаар саналаа дариухан ирүүл гэсэн үүрэг чиглэлийг өгөөд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.  

Мөн энэ хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийх асуудлыг ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Учир нь Засгийн газрын зүгээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар өргөн барьснаа буцаан татсан аж. Тэргүүлэгчдийн хурлаар мөн нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан 232 иргэнийг төрийн шагналд тодорхойлж ирүүлснийг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ