Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Ерөнхийлөгчийг огцруулах асуудалд ҮХЦ хөшүүн, хойрго хандаж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр шийдүүлэхээр УИХ-аас гаргасан шийдвэрийг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ дэмжиж байгаагаа илэрхийлэн өнөөдөр мэдэгдэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Ямар нэгэн улстөрчийн сонирхолд хөтлөгдөн засаглалын хэлбэрийг солих асуудал байж болохгүй. Үндсэн хуульдаа Монгол Улс бол парламентын засаглалтай тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс болохоо тунхагласан. Иймд Монгол Улсад “Парламентын засаглал”-ыг бэхжүүлж, цаашид улам бүр төгөлдөржүүлэх ёстой гэж ХҮН үздэг.

Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлах “засаглалын хэлбэрийг өөрчлөх” тухай Ерөнхийлөгчийн саналыг манай намын гишүүд Монгол Улсын өнөөгийн Үндсэн хуульт байгууллыг үгүйсгэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Гэтэл ҮХЦ өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийг огцруулах талаар гаргасан бидний шаардлагыг хэлэлцэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Үүнээс үзэхэд бидний тавьсан шаардлагыг зориуд дарагдуулах, ханган шийдвэрлэхгүй байх магадлал өндөр байгаа.

Ард нийтийн санал асуулга, цаашлаад УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй цаг үед ҮХЦ хөшүүн хойрго хандаж байгаа нь улс төрийн нөлөөлөлд автагдсан гэх хардлагыг төрүүлж байна.

Хэрэв ҮХЦ бидний шаардлагыг эс хангаж, Үндсэн хуулийн талаар явуулах ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн өөр асуулт асууж болно гэж шийдвэрлэсэн тохиолдолд парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай асуултыг ард нийтээсээ асуухыг ХҮН шаардаж байна" хэмээн хэллээ.

ХҮН-ын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Парламентын засаглал”-ыг бэхжүүлэх, эдийн засгийн асуудлыг орхигдуулахгүй байх буюу тухайлбал төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувиас доош барих заалтыг Үндсэн хуульд оруулах гэсэн хоёр чиглэлийн байр суурь дээрээ байгаагаа хэлсэн юм.

"Монгол Улсын Үндсэн хууль өөрийгөө халах буюу шинэ үндсэн хууль батлах нөхцлийг хязгаарласан зохицуулалттай"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зарчмын тухайд хуульч, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх "Монгол Улсын Үндсэн хууль өөрийгөө халах буюу шинэ үндсэн хууль батлах нөхцлийг хязгаарласан зохицуулалттай . Үндсэн хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулж болно. Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэрийг өөрчлөх санал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байгаа.

Тиймээс АНСА-ын үеэр өөр асуулт асууж болно хэмээн цэц шийдвэл Ерөнхийлөгчийг парламент болон парламентыг өргөтгөсөн байгууллагаас сонгодог болох эсэх талаар иргэдээсээ асуухыг шаардаж байгаа юм" хэмээн тайлбарлалаа.

Тус намын зүгээс томоохон зах худалдааны төвүүд, нийтийн тээвэр, гудамж талбайгаар зорчиж байгаа иргэдтэй уулзаж, ярилцахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл багатайн дээр дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Харин улс төрийн тогтвортой байдлыг хүсч байгаагаа хэлсэн хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.