Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн бий болж байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг дархан цаазат газар болгох тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ тогтоолыг УИХ-аас эцэслэн баталбал Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоон дархан цаазат газраар авна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын менежментийг хариуцах байгууллага болон зардлын асуудлыг ирэх оны төсөвт тусгуулан шийднэ.

Ноён ууланд нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байснаас “Сентеррагоулд монголия” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцалсан. Бусад гурван аж ахуйн нэгжийн найман тусгай зөвшөөрлийн тухайд бүрдүүлсэн материал болон хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд БОАЖ-ийн сайдын зүгээс ЦЕГ-ын дарга болон Шадар сайдаар ахлуулсан Хайгуулын болон ашиглалтын лецинзийг шалгах ажлын хэсэгт албан тоот илгээсэн байгаа.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон Монголын эзэнт гүрний үеийн олдворуудыг авран хамгаалахад хөрөнгө гаргах ёстой гэж Засгийн газраас үзсэнийг дэмжин баталлаа. 

Археологийн олдвор, булш бунхан тонох явдал жилд 800-1,000 орчим бүртгэгддэг болсон байна. Ингээд 200 мянган төгрөгөөр торгуульдаг, ял шийтгэлтгүй өнгөрдөг байдалтай тэмцэх ёстой гэж Засгийн газар үзэн эхний ээлжинд хөрөнгө гаргаж байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон олдворуудыг аварч, хамгаалах цаашлаад тэнд байгаа 100 гаруй булшинд малтлага хийх, ШУА-ийн хүрээлэнгийнхэн болон АНУ-ын Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийг цааш нь үргэлжлүүлэх санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа юм. 

2012 оноос хойш тус газарт малтлага хийж, 100 гаруй булшийг хууль бусаар ухсан, метал илрүүлэгчээр сэндийчсэн явдал гарсан учраас энэ оны арваннэгдүгээр сараас өмнө тэдгээр булшийг авран хамгаалахын тулд санхүү мөнгийг нь шийднэ гэж байгаа юм. 

Түүнчлэн 2020 оны төсвийг Засгийн газар  гурав дахь удаагаа хэлэлцэж байна. Хэлэлцэн шийдвэрлэсний дараа Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзаж, мэдээлэл өгөх болно.     

Энэ жилээс экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн бий болж байгаа. Түүхий нүүрс хотод оруулахгүйгээр шахмал түлш хэрэглэхтэй холбоотойгоор нийслэлд гэхэд 50-60 цагдаа нэмэлтээр ажиллана. Нийтдээ 11 аймгийн 140 орчим суманд 160 орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор 220 хүний цалин, унаа техникийн зэрэг зардал нэмэгдэж байгаа. Үүнийг ирэх оны төсөвт нэмж тусгана. Ингэснээр байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, хуулийн хариуцлага хүлээлгэх бүтэц бий болно гэж Засгийн газар үзсэн." гэлээ.