Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өөр эмэгтэйд андуурч үр хөндөх мэс ажилбар хийсэн хэрэг Өмнөд Солонгост гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хариуцлага алдаж өөр эмэгтэйд үр хөндөх мэс ажилбар хийсэн эмчийн хэргийг Өмнөд Солонгост шалгаж эхэлжээ.

Наймдугаар сарын 7-ны өдөр Сөүл хотын Гансео дүүргийн эмнэлэгт тариа хийлгүүлэхээр ирсэн зургаан долоо хоногтой жирэмсэн эмэгтэй уг хэргийн хохирогч болсон байна.

Өвчтөний бичиг баримтыг хольж сольсон нь ийм алдаа гарахад хүргэжээ. Эмнэлгийн эмч, сувилагч хоёр алдаа гаргаснаа хүлээж, хэргийг прокурорт шилжүүлснийг Гансео дүүргийн цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ.

Тариа хийлгүүлэхээр ирсэн эмэгтэйн нэрийг бичиг баримттай тулгаж шалгаагүй сувилагч үр хөндүүлэхээр ирсэн өөр эмэгтэйтэй андуурч мэдээ алдуулах тариа хийсэн байна. 

Дараа нь эмч ирээд мөн л нэрийг шалгалгүйгээр үр хөндөх мэс ажилбар гүйцэтгэжээ. Өвчтөн өөрт нь ямар эмчилгээ хийх гэж байгааг мэдээгүй гэнэ.

Өмнөд Солонгосын дээд шүүх энэ оны дөрөвдүгээр сард үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжсэн шийдвэр гаргасан. Одоо тус улсын парламент 2020 он дуусахаас өмнө хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой.

Харин одоо мөрдөгдөж байгаа хуулиар эцэг эх нь удамшлын өвчтэй, эхийнх нь амь насанд эрсдэлтэй, хүчингийн хэргийн хохирогч болсон зэрэг тодорхой хэдэн нөхцлөөс бусад тохиолдолд үр хөндүүлэхийг хориглодог. 

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамны бүртгэлээр өнгөрсөн онд тус улсад 50,000 орчим эх үр хөндүүлсэн байна. Гэхдээ хууль бус тохиолдлуудыг нэмбэл үүнээс хавьгүй их тоо гарна гэж үздэг ажээ.

 

Эх сурвалж: CNN