Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Испани улс экс дарангуйлагчийнхаа шарилыг бунхнаас гаргаж оршуулахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Испани улсын дээд шүүх дарангуйлагч агсан Франциско Франкогийн шарилыг төрийн бунхнаас гаргаж, гэргийнх нь булшны дэргэд оршуулах шийдвэр гаргалаа.

Ийнхүү олон жил үргэлжилсэн маргаанд эцсийн цэгийг тавьж байна. 1975 онд нас барсных нь дараа Франког тус улсын нийслэл Мадридын ойролцоох иргэний дайнд амь үрэгдэгсдийн цогцолборт бунхалж оршуулсан юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард засгийн эрхийг авсан Испанийн Социалист Ажилчны нам дарангуйлагчийн шарилыг бунхнаас гаргах ажлыг санаачилсан нь ийнхүү хэрэгжихээр болж байна.

Бунхнаас гаргахыг Франкогийн үр удам, дэмжигчид олон жилийн турш эсэргүүцэж байв.

1936-1939 онд үргэлжилсэн иргэний дайнд ялсныхаа дараа Франко нас барах хүртлээ Испани улсыг удирдсан юм. Түүний дэглэмийн үед өөр үзэл бодолтой олон мянган хүн шоронд хоригдож, эрүүдүүлж байсан түүхтэй. Тиймээс дарангуйлагчийн шарилыг бунхнаас гаргаж, оршуулснаар Испанийн ард иргэдийн сэтгэлийн шарх эдгэнэ гэж эрх баригчид үзэж байна.

Франкогийн гэр бүл болон дэмжигчид шарилыг бунхнаас гаргахыг эсэргүүцэж, бас Мадридын гадна орших энгийн иргэдийн оршуулгын газар Эль Пардод оршуулахыг эсэргүүцэж байсан юм.

Бунхнаас гаргасан тохиолдолд Франкогийн шарилыг Мадридын төвд орших сүмд оршуулахыг тэд шаардаж байжээ.

Гэвч дээд шүүхийн зургаан шүүгч аль аль саналыг хүлээж авалгүй, Эль Пардод оршуулах шийдвэрийг гаргасан байна. Харин Франкогийн дэглэмийн үед хэлмэгдэгсдийн холбоо татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа нь санхүүждэг Эль Пардод дарангуйлагчийг оршуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian