Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

32 жилийн турш баригдсан ч хоёрхон жилийн дараа сүйдсэн Сарьдагийн хийдийн гунигт түүхийн жимээр...

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Номын Их Хүрээ буюу Сарьдагийн хийдийг барьж байгуулах ажил 32 жил үргэлжилсэн хэдий ч хоёрхон жилийн дараа Халх Ойрадын дайнд өртөн сүйдсэн гунигт түүхтэй.

Урлал хийцийн агуу гайхамшигт Сарьдагийн хийдийн цогцолбор 1686 онд бүрэн баригдан дуусаж, цаашид шашин номын болон хот суурины томоохон төвлөрөл буй болох шинжтэй байсан хэдий ч 1688 оноос дэгдсэн Халх, Ойрадын дайны самуунаар Галдан бошигтын цэрэг Хэнтий уул, Хэрлэн гол хүртэл давшихдаа дээрх хийдийг шатааж, эвдлэн сүйтгэсэн болох нь түүхэн сурвалжийн мэдээ баримтад үлджээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Хан Хэнтийн нуруунд байрлах Сарьдагийн хийдэд түүх-археологийн цогц малтлага, судалгаа хийх ажил 2013-2018 онд буюу зургаан жилийн турш үргэлжилсэн байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн залуу судлаачдын бүрэлдэхүүнтэй үндэсний экспедицэд давхардсан тоогоор 100 гаруй хүн, нийт 210 гаруй хоног ажиллажээ.
С.Чулуун: Малтлагын явцад нийт 4,000 орчим эд өлгийн зүйлс гарсан
 

Малтлага  судалгааны үр дүнгийн талаар ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун  “Уг хийд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хийд байсныг бүрэн нотолсон. Мөн түүхийн сурвалж бичиг, аман түүхийн мэдээг археологийн дурсгалаар нотлох, Богд Жавзундамбын уран бүтээл, нийгэм улс төрийн бодлого, үйл ажиллагаа, гадаад ертөнцийн харилцааг тодруулах хангалттай материал олдсоныг судалгааны эргэлтэд оруулж байна.    

Малтлагын явцад нийт 4,000 орчим эд өлгийн зүйлс гарсан. Эдгээрийн 3,000 орчим нь Өндөр гэгээний урласан, өөрийнх нь хийцийн Язгуурын таван бурхан байгаа юм. Эвдэрч сүйдсэн олдворуудыг сэргээн засварлаж одоогийн байдлаар 1,300 орчим бурхан бүтэн болоод байна.

Сарьдагийн хийдийн судалгаа юуны өмнө байгалийн бэрхшээл, саадын хувьд хамгийн хүнд нөхцөлд хийгдсэн гэдгийг тодотгон хэлмээр байна. Археологийн судалгааны түүхэнд ийм хэмжээний хүнд бэрх саадтай газарт оршиж малтлага судалгаа явуулсан шинжилгээний анги өнөө хир байхгүй. Явганаар, эсвэл морь, уулын мотоцикл, нисдэг тэрэг, цэргийн ангийн болон тусгай зориулалтын машин гэх зэрэг шавар усанд сайн гэх бараг бүхий л тээврийн хэрэгсэл ашиглан Сарьдагт хүрч ажиллаж байлаа.

Сарьдагийн хийдэд явуулсан археологийн хээрийн судалгааны анги нь түүх, угсаатан, археологийн салбарт дөнгөж хөл тавьж байсан залуу судлаачдаас бүрдэж байсан нь эхэн үедээ бэрхшээлтэй байсан ч аажимдаа тэд сайн баг, сайтар нягтлан үздэг судлаач болох үүдээ эндээс нээцгээсэн” хэмээн ярилаа.

Хээрийн судалгааны ажилд оролцсон 10 гаруй залуу судлаач түүх, археологи, угсаатны чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуулиудад шат ахиулан суралцаж, 10 орчим оюутан залуус судалгааны байгууллагад ажилд оржээ.

Малтлагын явцад гарсан онцлох олдворууд

Сарьдагийн хийдийн малтлага судалгааны дүнд, Өндөр гэгээн Занабазар зөвхөн хөөмөл урлалын төлөөлөгч бус, керамик буюу шавар урлалын сонгодог бүтээлүүд туурвисан, уран барилгын өвөрмөц загвар хийцийг эхлүүлсэн болохыг нотолжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Мөн Өндөр гэгээн Занабазар Монголын, тэр дундаа халх Монголын төдий хутагт бус дэлхийн олон улс оронтой харилцаж байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс илэрч олдсон байна. Тухайлбал, Европт хэрэглэж байсан нарны цаг, Оросын буу, Энэтхэгийн Могол хаант улсын зоос, Балбын зоос, Мин улсын үеийн шаазан эдлэл зэргийг дурдаж болно. Түүгээр зогсохгүй түүний өвөг дээдсээс уламжилж ирсэн байж мэдэх Юань улсын үеийн шавар ваарнууд ч илэрч олджээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Өндөр гэгээн Занабазар хутагт өөрийн сууж байсан Баруун Хүрээнээс гадна, Эрдэнэ Зуугаас дутахааргүй том суурин хийд байгуулахын тулд 1654 онд Хэнтий уулын өвөрт тоосго, чулуун, модон сүмүүд байгуулах суурийг эхлэн тавиулсан байна. Энэхүү хийдийг Хэнтийн нурууны их ян сарьдаг уулсын дунд, уулын энгэрт өндөрлөг газар байгуулсан учир хожим олны дунд уг уулын нэрээр Сарьдагийн хийд хэмээн алдаршжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Харамсалтай түүхтэй, урлал хийцийн агуу гайхамшигт өв болох Сарьдагийн хийдийн цогцолборын малтлагын цогц үр дүнг танилцуулах үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос Монголын үндэсний музейн  Их танхимд нээгдэх гэж байна.

Видео:

Тус багийн хамт олон Сарьдагийн хийдийн малтлагаас үргэлжлүүлэн XVII зууны бусад хот суурин, сүм хийдүүдэд хээрийн судалгааг өнөө хүртэл эрчимтэй явуулж байгааг Академич С.Чулуун хэлж байв.

Цогт тайжийн Цагаан байшин, Хар бухын балгас, Сүм Хөх бүрд, Хөгнө тарнийн Өвгөн хийд, Тэс голын Сүм толгой, Дорноговийн Хэсэг байшин, Олон байшин зэрэгт малтлага судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр:

2019.09.27 /Баасан гараг/

16.00: “Сарьдагийн хийд. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдэд явуулсан малтлага судалгаа” лекц академич С.Чулуун

14.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр (Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд)

2019.10.04 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээний дэг сургууль, хийц” лекц Бурханч лам Г.Пүрэвбат /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд/

2019.11.15 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхан шашинд гүйцэтгэсэн үүрэг” лекц Н.Хатанбаатар

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд

2019.12.18 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын өв” лекц Урлаг судлаач Ц.Уранчимэг /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд болно.