Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭШЛЭЛ: "Хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч хянан үзэж баталгаажуулах процесс руу орно"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. 

Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ гэдэг асуултад хариулсан хуульчдын илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Ж.Эрхэмбаатар: Улс төрийн намуудын талцлын дунд Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг батлуулж чадахгүй байх бодит эрсдэл үүсээд байгаа 

Одоогийн Үндсэн хууль, 62 гишүүний өргөн барьсан төсөл, иргэдийн саналаар батлуулах эцэслэсэн төсөл гээд гурван төсөл байна. Энэ гурвыг харьцуулаад үзэхээр одоогийн Үндсэн хуулиас 62 гишүүний өргөн барьсан төсөл нь шүүх эрх мэдлийг баталгаажуулах, засаглалын тогтвортой байдлыг бий болгох, баялгийг хүртээмжтэй болгох зэрэг чиглэлд хамаагүй ахиц гаргасан. 
Ерөнхийлөгч өөрөө ажлын хэсгийг нь ахлаад УИХ-аар оруулсан төслөө өнөөдөр дэмжихгүй гээд сууж байна. 
Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гол гол заалтууд нь унасан ч гэсэн одоогийн Үндсэн хуулиас илүү засаглалын тогтвортой байдлыг хангах чиглэлд ахицтай заалтууд орсон. 
2000 онд Үндсэн хуульд оруулсан “дордохын долоон” өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гээд 2018 оны эхээс цэц дээр маргаан үүсчихсэн байгаа. Өмнө нь олон удаа татгалзсан хэр нь яагаад гэнэт одоо маргаан үүсгэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа. 2000 оны өөрчлөлт сэргэх боломж байгаа. Хэрэв тэгвэл Засгийн газрын томилгоо 100 хувь Ерөнхийлөгчөөс хамааралтай болно. Мөн УИХ-аар асуудал шийдэх саналын квот нэмэгдэнэ. Ингэснээр УИХ-аас шийдвэр гарахад төвөгтэй байдал үүснэ. 
Өнөөдрийн нөхцөл байдалд Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулдаг гэхээсээ илүүтэй Засгийн газарт нөлөөтэй байхыг л хүсч байна. Ийм нөлөөлөл бий болчихвол Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай гэж бичихээс үл хамаараад Ерөнхийлөгчийн засаглал бодитоор бий болно. 
Үндсэн хуулийн өөрчлөлт нь органик хуулиудаараа амилна. Гэтэл энэ парламент органик хуулиудаа хийхгүй тарчихвал дараагийн шинэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар зорилготой хийсэн, цаана нь ямар агуулга илэрхийлэгдсэн бэ гэдэг дээр маргаан үүснэ. Органик хууль дээрээ энэ нь бодитоор тусахгүй. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг бодит амьдрал болгох үүрэг нь энэ УИХ-д байгаа. Гэтэл үүргээсээ татзалзаад таръя гэж байна. 
Ард нийтийн санал асуулга бол Үндсэн хуулийг батлах хоёр журмын нэг нь. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн текстийг бэлдэж, боловсруулснаас бус батлаагүй. Үүнийг батлах эрх нь иргэдэд очиж байгаа. 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ынх гэдэг ойлголт бий болж эцэст нь МАН ба бусад нам гэсэн талцлын дунд Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг батлуулж чадахгүй байх бодит эрсдэл үүсээд байгаа. 

О.Мөнхсайхан: Энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол парламентын тогтолцоог бэхжүүлэх нь бүү хэл бүр нөгөө тийшээ явах вий гэдэг болгоомжлол байна

Мэдээлэл хүрээгүйгээс мөн Ерөнхийлөгчийн хоригийн хугацааг хүлээгээд  УИХ-аар дэмжигдсэн төсөл эцсийн байдлаар нээлттэй тавигдах боломжгүй байгаа. Үүнээс болоод зарим хүмүүс 62 гишүүний өргөн барьсан төсөл дэх гол заалтууд нь батлагдсан юм уу гэдэг эргэлзээ үүсээд байх шиг байна. 
УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн бүх заалтууд батлагдаагүй ч гэсэн гол амин сүнс болсон шүүхийг хараат бус, шударга болгох, Засгийн газрыг тогтвортой хариуцлагатай болгох, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих, хууль тогтоох ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх чиглэл рүү дорвитой алхам хийгдэх өөрчлөлтүүд УИХ-аар дэмжигдсэн.  
1992 оны Үндсэн хуулийн амин сүнс бол парламентын тогтолцоо. 
Төр хаачихав аа ажлаа хийгээч ээ гэдэг иргэдийн шаардлагыг мушгин гуйвуулж, авторатир дэглэм рүү шилжих, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал руу орж, бүх юмыг шинээр эхлэх байдал руу түлхэх санаархал, төлөвлөгөө байгаа нь ил тод болсон. 
Иргэд санал шаардлага бол нийгэм, эдийн засгийн асуудлыг шийддэг төрөө бэхжүүлээч гэдэг асуудлыг л тавьж байгаа. Түүнээс биш засаглалын хэлбэрийг соль гэдэг зүйлийг шаардаагүй. 
Бид сонгож авсан замаараа тууштай яваад үр дүнг нь үзэх юм бол ардчилсан, тусгаар тогтносон байгаад зогсохгүй эдийн засгийн хувьд хөгжих боломжтой. 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго бол нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлоод, тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үздэг Засгийн газартай болъё гэж байгаа юм. 
Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөчихөөд Үндсэн хуулиа баяртай гэж хэлээд, одоо Үндсэн хуулийн амин сүнс болсон парламентын тогтолцоог баяртай гэж хэлж байгаа заналхийлэл шахуу зүйл гарч ирж байна. 
Энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол парламентын тогтолцоог бэхжүүлэх нь бүү хэл бүр нөгөө тийшээ явах вий гэдэг болгоомжлол байна. 
Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал парламентын тогтолцоог бэхжүүлнэ, эдийн засаг, ардчилал зэрэг бүхий л талаар тогтвортой хөгжих алхмаа хийгээд эцсийн дүндээ Үндсэн хуулийн гол үзэл санаа болсон хүн болгоныг хүн гэж үздэг, хүн болгоны амьдралыг чухал гэж үздэг, хүн болгон амьдралаа шийдээд түүнийхээ хариуцлагыг хүлээдэг, хүний ёсоор эдлэх эрхээ эдэлдэг тогтолцоог бий болгох юм. 

Хуульч М.Баасанжав: Ард түмнийг огт мэдээлэлгүй байна гэж үзэж болохгүй байх

Ард нийтийн санал асуулгаар явуулах УИХ-ын 73 дугаар тогтоолыг дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахыг дэмжиж байна гэснээсээ бид түүхэн үүрэг гүйцэтгэх болно. 1992 оны Үндсэн хуулийг батлахад иргэдэд энэ эрх нь байсан ч хэрэгжүүлж чадаагүй. 
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчөөр зүйл, заалт бүрээр хянан батлуулна гэдэг процесс руу ороод батлагдах уу үгүй юу гэдэг байдал руу орох гээд байна. 
УИХ тарна гэдэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг саармагжуулж, улс төржүүлж байгаа зүйл.  

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ” сэдэвт хэлэлцүүлгийн илтгэлүүдийг эндээс үзнэ үү. 

https://www.facebook.com/iKonNews/videos/491207084770638/