Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп залуу тэмцэгч Грета Тунбэргийг өхөөрдөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Нью Йорк хотод уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр болсон НҮБ-ын чуулганд 16 настай Грета Тунбэрг оролцож, улс орнуудын удирдагчдыг эх дэлхийгээ аврахын төлөө хангалттай ажиллахгүй байна хэмээн хатуу үгсээр зэмлэсэн билээ.

Тэрээр төрөлх Шведээсээ Нью Йорк хотод агаар бохирдуулдаггүй цэвэр технологийн завиар аялж ирсэн юм.

Даваа гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Гретагийн үг хэлж буй дүрс бичлэгийг нийтлээд тайлбарт нь “Тэр гайхамшигт гэрэлт ирээдүйтэй, аз жаргалтай, жаахан охин бололтой. Харахад таатай байна!” хэмээн даажигнан бичжээ.

Хариуд нь Грета твиттер хуудасныхаа танилцуулга хэсгийг Трампын хэлснээр “Гайхамшигт гэрэлт ирээдүйтэй, аз жаргалтай, жаахан охин” болгон өөрчилсөн байна.

Грета Тунбэрг өнгөрсөн онд хичээлээ хаяж, Шведийн парламентын ордны гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалсан өсвөр үеийнхний хөдөлгөөнийг эхлүүлж байв.

Тэрээр Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд байгаа. Зарим хүмүүс Гретаг сэтгэцийн өвчтэй, мөн зүүний экстремист үзэлтэй эцэг эхийнхээ хатгаасаар энэ бүхнийг хийж байгаа гэж ярьдаг.

Жишээ нь өчигдөр АНУ-ын Fox News сувагт уригдсан “The Daily Wire” сайтын эрхлэгч Майкл Ноулз тэмцэгч охиныг “сэтгэцийн өвчтэй” гэж боддогоо ярьсан юм. Энэ ярилцлагын дараа Fox News түүний хэлсэн үгний төлөө үзэгчдээсээ уучлал гуйж, уг зочныг дахин нэвтрүүлэгтээ урихгүй гэж амласан байна.

 

Эх сурвалж: Reuters