Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өөрийгөө Нобелийн шагнал авах зүйл ихийг хийснээ гомдоллон ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр НҮБ-ын чуулганы үеэр Пакистаны ерөнхий сайдтай хамт хэвлэлийн хурал хийхдээ өөрийгөө Нобелийн шагнал авах бүрэн боломжтой тухай ярьжээ.

Асуулт хариултын үеэр Энэтхэг, Пакистан улсуудын дунд Кашмирын маргааныг шийдвэрлэхэд АНУ-ын ерөнхийлөгч зуучлах боломжийн талаар яригдсан юм.

Пакистаны сэтгүүлч түүнд “Та хэрвээ Кашмирын асуудлыг энхийн замаар шийдэж чадвал Нобелийн шагнал хүртэх өндөр магадлалтай” гэж хэлсэн байна.

Трамп хариуд нь “Хэрвээ шалгаруулдаг хүмүүс нь шударга шийдвэр гаргадаг бол би Нобелийн шагнал авах маш их зүйл хийсэн хүн” гэж ярьжээ.

Тэрээр өмнөх ерөнхийлөгч Барак Обама энэ шагналыг хүртсэн тухай “Тэд Обамаг ерөнхийлөгч болонгуут нь шагнасан. Обама өөрөө ч яагаад авч байгаагаа ойлгоогүй. Би ганцхан энэ асуудал дээр түүнтэй санал нэгддэг юм” хэмээн ярьсан байна. Нобелийн шагналын хороо цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх үйлсэд оруулсан хувь нэмэр болон олон улсын харилцаанд шинэ уур амьсгал оруулсныг нь үнэлж Барак Обамаг шагнаснаа тайлбарлаж байв.

Өнгөрсөн онд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийг эхлүүлснийхээ төлөө Дональд Трампыг энх тайвны Нобелийн шагнал хүртэнэ гэсэн яриа гарч байсан ч ийм зүйл болоогүй өнгөрсөн.

Тэр үеэс хойш Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох Вашингтон-Пёньяны яриа хэлэлцээ ахиц муутай байна.

 

Эх сурвалж: The Washington Post