Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Чөтгөрийн өндөг” үзэсгэлэн ирэх сарыг хүртэл иргэдэд нээлттэй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн “Чөтгөрийн өндөг” бие даасан үзэсгэлэн 10 дугаар сарын 6-ныг дуустал Art Space 976-д үргэлжилнэ. 

Уран бүтээлч Гэрэлхүү нь зураасан зураг, бар болон хийсвэр зураглалын арга техникийг хослуулан бүтээсэн томоохон хэмжээний 17 ширхэг зургаа “Чөтгөрийн өндөг” нэртэй үзэсгэлэндээ дэлгэн үзүүлж байна. Өнгөц харвал морьтон баатар эрсийн тулааныг дүрсэлсэн, эрчилт хөдөлгөөнөөр дүүрэн түүний бүтээлүүд нь эртний домог, түүхийг бус, харин өнөөгийн хүмүүсийн амьдрал, үзэл бодол, хүсэл мөрөөдөл, олон ургальч үзэл хоорондын зөрчилдөөнийг харуулжээ. 

Энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чөтгөрийн өндөгний тухай ярилцъя” нэртэй хэлэлцүүлгийг 9-р сарын 26-ны өдрийн 17:00-18:30 цагийн хооронд Art Space 976 дээр зохион байгуулах аж. Энэхүү хэлэлцүүлгээс уран бүтээлч Г.Гэрэлхүү болон түүний бүтээлүүдийн талаар илүү ойлголтыг олж авах боломжтой гэж зохион байгуулагчид ярьж байна.  

Уран бүтээлч Г.Гэрэлхүү нь ДУДС-ийн монгол зургийн ангийг 2010 онд төгссөн. Түүний бүтээлүүд ихэвчлэн хүмүүс хоорондын болон өөрөө өөртэйгөө хийх тэмцлийн талаар өгүүлдэг. Тэрбээр хорь гаруйхан настайдаа олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд уригдан оролцож эхэлсэн юм.

Японы Фукуокогийн Азийн Триенналь, Австралийн Куйнслэндийн Ази Номхон Далайн Триенналь, Гонг Конгийн Шоени галерейд болсон “Хотын Хүүрнэл”, Шанхайн үндэсний уран зургийн музейд болсон “Хамтдаа”, Германы Норд Арт зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд бүтээлүүд нь дэлгэгдэж байв.

Эх орондоо Занабазарын музей болон 976 Арт галерейд бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж, Урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний уран зургийн галерейн уламжлалт үзэсгэлэнгүүдэд жил бүр оролцож ирсэн юм. Түүний бүтээлүүдийг Японы Фукуокогийн Азийн Урлагийн Музей, Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Музей зэрэг дэлхийн томоохон музейнүүд өөрийн цуглуулгадаа худалдан авч байжээ.