Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистан улс өөрийгөө сурталчлахын тулд гадаадын сошиал одуудыг цуглуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Узбекистан улсын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээр дэлхий 40 орны 93 сошиал одыг эх орондоо урьж, түүх дурсгалын газруудаараа таван өдөр аялуулжээ.

Гадаадын жуулчдыг татах зорилготой энэ арга хэмжээнд Ази, Ойрх Дорнод зэрэг Узбекистантай түүх, соёлын хэлхээ холбоотой орнуудаас зочдыг урьсан байна.

Энэ арга хэмжээний үеэр сошиал оддын тараасан зураг, дүрснүүд нийтдээ 150 сая орчим хүнд хүрсэн тухай Узбекистаны албаны хүмүүс мэдээлжээ.

Тухайлбал Индонезийн YouTube од Атта Халилинтарын аяллынхаа талаар өгүүлсэн 10 минутын видео дүрсийг 1.2 сая удаа үзэж, Инстаграм постууд нь нийт 400,000 лайк  цуглуулсан байна.

Узбекистан улс тавдугаар сард Индонез руу шууд нислэг нээсэн юм. Индонез бол хүн амын тоогоор дэлхийд дөрөвт ордог улс, бас дэлхийн хамгийн том муслим үндэстэн. Бухар, Самарканд, Хива зэрэг хотууд дахь исламын түүх, соёлын дурсгалуудаа даян дэлхийн муслимуудыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилт Узбекистаны засгийн газарт байгаа юм.

Гадаадын сошиал одуудад зориулсан арга хэмжээнд тус улсын засгийн газар $250,000 орчмыг зарцуулсан байна. Ийм хэмжээний сурталчилгааг уламжлалт хэвлэл мэдээллийн сувгуудаар ижил тооны хүмүүст хүргэхэд зардал нь $6-$7 сая болно гэсэн тооцоо гарчээ.

Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж, харьцангуй хаалттай байсан энэ улс өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн шинэ талбар болох төлөвтэй байна.

Судлаачид Узбекистаны аялал жуулчлалын салбарын орлогыг ирэх таван жилд хоёр дахин өсөх боломжтой гэж тооцоолжээ.

2017 оноос хойш тус улсад 300 гаруй зочид буудал шинээр нээгдсэн байна. Гадаадын сошиал одуудад зориулсан арга хэмжээнд Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев оролцож, зочдын хамт сэлфи хийсэн нь тус улс дэлхий дахинд нээгдэж байгааг харуулсан үйл явдал болжээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty