Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтын ашгийн 10%-ийг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд хандивлана

М.Номин-Эрдэнэ, IKON.MN
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий болсон Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо Улаанбаатар хотноо хийхээр болсон талаараа өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээллээ.

Энэ сарын 30-ны өдөр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтын ашгийн 10 хувийг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлах гэж байгаагаа дуучин Б.Мягмарсүрэн хэлсэн юм.

Энэхүү тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт Францын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл голлох бол хоёрдугаар хэсэгт Италийн сонгодог хөгжим тоглогдоно.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тоглолтын нэр болон Монголын тайзнаа дуулах болсон талаараа Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканелли “Хэдийгээр би франц үндэстэн ч өвөө минь итали гаралтай хүн. Энэ хоёр улсын аль алиных нь сонгодог урлагт би хайртай учраас тоглолтоо ийн нэрлэсэн.

Харин дуучин Мягмарсүрэнтэй хамтран тоглохоор сонгосон шалтгаан нь Францад дууриар суралцах гэж Азиас олон хүн ирдэг ч шавь нар дунд маань Мягмарсүрэнтэй дүйцэхүйц хэмжээний хүн одоогоор байхгүй” гэдгийг онцлон хэллээ.

Б.Мягмарсүрэн цаашид хоёр жил тутам гаднаас сонгодог хөгжмийн дуучид урьж, Монголынхоо үзэгчдэд уран бүтээлүүдийг нь хүргэхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав.