Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн Дональд Трампыг огцруулах асуудал яригдаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагахын тулд Украины талд дарамт шахалт үзүүлсэн нь батлагдвал огцруулах асуудал яригдах боломжтой тухай конгресс дахь тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф өчигдөр мэдэгджээ.

Конгресс дахь Ардчилсан Намын олонх өмнө нь Трампыг огцруулах (импичмент) сэдвээс зайгаа барьж байсан бол энэ удаа байр суурь нь эргэж байна.

Тус хороонд АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан ажилтнаас ирсэн гомдолд долдугаар сарын сүүлээр Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Ардчилсан Намаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байдентай холбоотой хэргийг шалгахыг хүссэн тухай мэдээлжээ.

Жо Байден нь Обамагийн үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж байсан юм. Түүний хүү Украины байгалийн хийн компанид хувь эзэмшигч.

Тухайн үед Байден хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан прокурорыг ажлаас нь халуулах шахалтыг Украины талд үзүүлж байсан гэх яриа бий.

Харин Жо Байден тухайн үед Украины прокурорыг халуулах хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй хамааралгүй гэж мэдэгдээд байгаа.

Гэтэл Трамп уг сэдвийг Украины талаар сөхүүлж, 2020 онд дахин сонгогдоход нь гол саад болж мэдэх Жо Байдены нэр хүндийг унагахыг санаархсан байж болзошгүй гэнэ.

Конгресс дахь Ардчилсан Намынхан Трампын энэ үйлдлийг улс төрийн дотоод өрсөлдөөнд гадаад улс орныг оролцуулж, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж үзэж байна.

Конгрессын төлөөлөгчдийн танхимд олонх болдог Ардчилсан Намынхан Трампыг огцруулах санаачилга гаргах боломжтой ч Бүгд Найрамдахчууд олонх болдог Сенатын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй юм.

АНУ-ын улс төрийн дотоод тэмцэл Украины шинэ ерөнхийлөгч Зеленскийг хүнд байдалд оруулж байна. Тэр хэрвээ Трамп өөрт нь дарамт шахалт үзүүлснийг баталбал өнөөдрийн АНУ-ын засаг захиргааны дэмжлэгийг авахад бэрхшээл үүснэ. Трампыг хамгаалсан ч 2020 онд сонгогдох шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцах харилцаанд асуудал үүсэх боломжтой.

Дональд Трамп “Би Байденыг харлуулах гэж утсаар яриагүй. Гэхдээ тэр маш муу зүйл хийснийг би хэлж чадна” гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. Трамп өөрийн хуульчаар Конгрессын өмнө мэдүүлэг өгүүлэхээс айхгүй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters