Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүү хоёрын араас гашуудав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Сөүл хотын төвд хэдэн зуун иргэд жагсаж, Умард Солонгосын дүрвэгчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг Өмнөд Солонгосын эрх баригчдаас шаарджээ. Жагсагчдын ихэнх нь Умардаас дүрвэж ирсэн хүмүүс байв.

Тэд өнгөрсөн зун идэх хоолгүйгээс өлбөрч нас барсан эх хүү хоёрын зургийг бэлгэдлийн хоосон австай хамт өргөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордныг чиглэн жагсаж, цагдаа нартай тулгарсан байна.

Долдугаар сарын сүүлээр Сөүл хотын нийтийн орон сууцнаас 42 настай Хан Сун Ок, түүний хүү зургаан настай Ким Дон Жин нарын цогцос олдсон юм.

 

Байрны төлбөрөө олон сар төлөөгүй дүрвэгч эмэгтэйн гэрт байцаагчдыг шалгахаар ирэхэд эх хүү хоёрын муудсан цогцос угтсан байна.

Гэрт нь ямар ч хүнсний зүйл байгаагүй, хөргөгч нь хоосон байснаас тэднийг өлбөрч амиа алдсан гэж цагдаа нар дүгнэжээ. Цогцос нь хэтэрхий муудсан байснаас задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоох боломж байгаагүй юм.

Жагсагчид эх хүү хоёр яагаад дүрвэгчдэд олгодог нийгмийн халамжаас хүртэж чадаагүйг шалгаж, Умард Солонгосоос ирсэн хүмүүст илүү их анхаарал тавихыг засгийн газраас шаарджээ.

Өмнөд Солонгосын албаны тоо баримтаас үзвэл 1998 оноос хойш Умард Солонгосоос нийт 32,000 хүн тус улсад дүрвэж ирсэн гэдэг.

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам хүнд суртал гаргаж, хүний амь хохироосондоо уучлал гуйж, дүрвэгчдэд илүү их анхаарал тавьж ажиллахаа амлаж байсан ч үүнийг нь хангалтгүй гэж жагсагчид үзэж байна.

Талийгаач Хан Сун Ок 2007 онд солонгос гаралтай хүнд богтлогдож, Хятадад ирсэн юм байна. Умард Солонгосын охид бүсгүйчүүдийг Хятадын иргэн солонгос гаралтай эрчүүдэд зарах, хүчээр гэрлүүлэх явдал түгээмэл байдаг.

Үүнээс хэдэн жилийн дараа Хан Сун Ок нөхрийн хамт Өмнөд Солонгост дүрвэн ирж, янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж байжээ. Гэвч 2015 онд нөхрийнх нь ажиллаж байсан хөлөг онгоцны үйлдвэр цомхотгол хийж, ажилгүй болсноор хосууд нялх хүүхдийн хамт Хятад руу буцсан юм байна.

Өнгөрсөн онд нөхрөөсөө салсан эмэгтэй хүүтэйгээ хамт дахин Сөүлд ирж, амьдрах болжээ.

Умард Солонгосын дүрвэгчдийг тусалж дэмждэг байгууллагын мэдээлснээр хүү нь унаж татдаг өвчтэй тул дүрвэгч эмэгтэй ажил хийж чаддаггүй байсан гэнэ. Гэвч гэрлэлтээ цуцлуулсан бичиг баримт дутуу, эрүүл мэндийн шинжилгээний бичиггүй гэсэн шалтгаанаар тэр Өмнөд Солонгосын засгийн газраас дүрвэгчдэд олгодог тэтгэмжийг авч чадалгүй байсаар өлбөрч амиа алдсан байна.

Умардаас Өмнөдөд дүрвэж ирсэн хүн тус бүр найман сая воны нэг удаагийн тэтгэмж авдаг. Дараа нь нэг гэр бүлд зургаан сарын турш сар бүр 870,000 воны тэтгэмж олгодог байна. Үүнээс хойш дүрвэгчид ажил хийж, өөрийгөө тэжээх ёстой.

Гэвч тэтгэмжийн хэмжээ нь Өмнөд Солонгосын өртөг өндөртэй нийгэмд амьдрах наад захын шаардлагад хүрэлцдэггүй, дараа нь ажил олддоггүй зэрэг олон хүндрэл байдаг тухай дүрвэгчдийг дэмжиж ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс мэдээлж байна.

 

Эх сурвалж: CNN