Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбат: Байгаль орчинд хохирол учруулж буй үйлдэл бүртэй хатуу тэмцэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг өчигдөр улс даяар зохион байгууллаа.

БОАЖЯ болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг харъяа байгууллагууд, хамтран ажилладаг холбоод болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд Д.Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэлээлэл өгөн, санал хүсэлтийг хүлээн авжээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгож, иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс БОАЖЯ-ны үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, тухайн уул уурхайн компанийн нийгмийн даатгал, татвар, газрын төлбөрийн талаарх мэдээллийг иргэд цахимаар дүгнэх, холбогдох албан хаагчид цахимаар үнэлэх эхлэлийг тавив.

 

Байгаль орчинд хохирол учруулж буй компаниудыг шалгах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн Засгийн газрын хуралдаанаас Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нуруу орчимд ашигт малтмал олборлож байсан 10, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Мөн Ноён уул орчимд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 12 тусгай зөвшөөрлийг цуцалж, дархан цаазат уул болгон аялал жуулчлал хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлсэн.

 

Аялал жуулчлалын салбарыг улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж, анх удаа 6.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төсөвлүүлсэн байна.

2016 онд аялал жуулчлалын салбар ДНБ-ий 3.2 хувийг бүрдүүлж байсан бол одоо 5.4 хувийг бүрдүүлж байна. Монгол Улс анх удаа 6 аймагт олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудалтай болох эхлэлийг тависан.

Анх удаа салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтад 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй хамрууллаа.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр Дадал, Биндэр, Норивлин, Батноров суманд түүхэн цогцолборуудын шавыг тавилаа. Мөн Манзушир хийдийн түүхэн дурсгалт цогцолбор, соёл, шашин, аялал жуулчлалын төвийг байгуулахаар болоод байна.

 

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу салбарын ажилтан албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах хэд хэдэн ажлыг эхлүүллээ.

Тухайлбал, 12 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй байсан цаг уурын салбарынхныг шинэ машинаар хангасан. Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашины парк шинэчлэлийг хийж, байгаль хамгаалагчдыг дэвшилтэт технологи, галд тэсвэртэй хувцасаар хангах ажлыг ч эхлүүллээ.

 

БОАЖ-ын салбарт төр, иргэдийн хамтын ажиллагаа чухал

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэхийн тулд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны 2 сарын 28-нд гаргаж, 2019 оны 5 сарын 15-наас хэрэгжүүлсэн.

Нэг удаагийн нийлэг уутыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны зургаадугаар сарын 29-нд гаргаж, 2019 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлсэн. Энэ бүх ажлыг эхлүүлэхийн тулд иргэдэд 1 жил орчмын өмнөөс сануулж, урьдчилан бэлтгэл хангах хугацаа өгсөн.

Эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор төрийн өмчит “Таван толгой түлш” компанийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт  хугацааны орон сууцжуулах ажлыг хийж байгаа ч тэр болтол агаарын бохирдлыг бууруулах цорын ганц арга зам нь сайжруулсан шахмал түлш гэдэгтэй хүн бүр санал нийлж байна.

Монголд анх удаа төвийн 6 дүүргийн 4600 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны албан бус ажилтнаар цалинжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлгэж, төр иргэний хамтын ажиллагааг нэг шатаар ахиуллаа.

Тиймээс иргэд та бүхэнд төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин, хүчээ нэгтгэхийг уриалж байна.

 

БОАЖ-ын салбарт “Хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлж, олон нийтэд нөлөөлөх хэд хэдэн аяныг амжилттай эхлүүлээд байна. Тухайлбал, байгаль орчны боловсрол сурагчдад олгох “Ногоон паспорт” аяныг улс орон даяар хэрэгжүүлж, хүүхдүүдээр дамжуулан томчуудад үлгэр дуурайлал үзүүлж байна.

Ногоон паспорт хөтлөгч шилдэг сурагч МУИС-ийн Байгаль эх лицей сургуулий 12 дугаар ангийн сурагч Б.Энэрэл НҮБ-ын Ерөнхий ассамблейн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хүүхэд, залуучуудын чуулганд оролцохоор шалгаран өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотыг зориод байна.

Тэрбээр Нью-Йоркт очиж, Монголын хүүхдүүд хэрхэн “Ногоон паспорт” хөтөлдөг талаарх илтгэлийг дэлхийн 200 гаруй орноос ирсэн шилдэг хүүхдүүдэд таниллцуулна.

2019 оны байдлаар Ерөнхий боловсролын 543 сургуулийн ахлах ангийн 150 мянган сурагч байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлж байна. 2022 он гэхэд Ерөнхий боловсролын 778 сургуулийн ахлах ангийн 168 мянган сурагчид “Ногоон паспорт” олгох юм.

Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлснөөр сурагчид ус, эрчим хүч хэмнэх, мод тарих, эко аялах, хог ангилах, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх аргад суралцаж, байгальд ээлтэй хариуцлагатай иргэн болж төлөвших юм.

Сурагчид байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд 2030 оноос эхлэн Монгол Улсад жил бүр 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргаад байна.

Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсны үр дүнд Монголчууд хог хаягдалгүй баярлалаа. Мөн аяны хүрээнд 50 гаруй мянган тонн хогийг БОАЖЯ-ны харьяа газрууд, аяныг зохион байгуулагчид цэвэрлэсэн.

Мөн сар шинийн баярыг утгаж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг бурхан шашны хийдүүдтэй хамтран амжилттай зохиогоод 2 дахь жилээ үдэж байна.

Энэ жил 2 шинэ аяныг эхлүүлсэн нь бутлаг ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулах “Ногоон паспорт-Ногоон төгөл”, “Хоггүй цэвэрхэн Монгол” юм. “Хоггүй цэвэрхэн, Монгол” аяны хүрээнд Туул гол орчмыг 1,000 гаруй залуус цэвэрлэх “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн уг аяны хүрээнд 9 дүгээр сарыг хог цэвэрлэх сар болгон зарлаж, улс орон даяар цэвэрлэгээний ажлыг эхлүүлэн төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд нэгдэж, 100 гаруй мянган тонн хог түүжээ.

БОАЖ-ын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд их байгаа ч салбарын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Энэ бүхнийг цаашид шийдэхийн тулд төр иргэний хамтын ажиллагааг чухал" гэлээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ