Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Германд өнөөдөр 186 дахь Oktoberfest баяр эхэлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн намар Германд болдог Oktoberfest шар айрагны баяр өнөөдөр эхэлж байна.

186 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм.

Анх 1810 онд Баварын угсаа залгамжлах ханхүү Людвиг, Саксони-Хилдбургхаусены гүнж Терезатай гэрлэж, хурим хийсэн нь жил бүр тэмдэглэдэг уламжлалт баяр болж хувирчээ. Зөвхөн дайн, тахал, хэт инфляцийн цөөхөн жилүүдэд Oktoberfest-ийг тэмдэглэлгүй өнгөрүүлж байсан түүхтэй.

Энэ баярын үеэр Мюнхен хотод томоохон шар айрагны баяр болдог. Баяр болдог талбайн нэрийг герман хэлээр “Theresienwiese” гэдэг нь гүнж Терезагийн талбай гэсэн утгатай.

Зөвхөн шар айраг уух гэж хүмүүс цугладаггүй, баярын парад, ёслолын буудлага, тэмцээн уралдаан, урлагийн тоглолт, хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа зэрэг Баварын соёлыг харуулсан үйл явдлууд зохиогддог байна.

Баярт оролцогчид “mass” нэртэй, нэг литрийн багтаамжтай том шилэн аягаар тус мужийн зургаан үйлдвэрлэгчийн шар айргийг ууцгаадаг.

Жил бүрийн Oktoberfest баярт долоон сая хүн зочилж, нийт долоон сая литр шар айраг хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Зөвхөн Мюнхен хотод биш, нийт Бавар даяар дэлхийн хамгийн том шар айрагны баярыг өргөн тэмдэглэж өнгөрөөдөг байна.

 

Эх сурвалж: Business Insider