Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабт халдлага үйлдсэний шийтгэл болгож Иран улсын төв банкны эсрэг эдийн засгийн хориг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө Саудын Арабын газрын тосны байгууламжуудад халдлага үйлдсэний шийтгэл болгож Ираны төв банкны эсрэг эдийн засгийн хориг зарлаж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Тэрээр өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ “Энэ бол урьд өмнө хэзээ ч зарлаж байгаагүй хатуу хориг арга хэмжээ. Бид ийм түвшний шийтгэлийг хэзээ ч хэнд ч оноож байгаагүй” гэж ярьсан байна.

АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин уг хоригийн зорилго нь Ираны Исламын Хувьсгалт Гвард байгууллагын санхүүжилтийг зогсоох юм гэж тайлбарлажээ.

Гэхдээ төв банкыг хоригт оруулснаар Иран улсад гадаадаас хүмүүнлэгийн тусламж, бараа бүтээгдэхүүн нэвтрэх боломж хязгаарлагдах эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэк байна.

Трамп өчигдөр өөрийн зөвлөхүүдтэй уулзаж, Саудын Арабт Иран улсын үйлдсэн халдлагын хариуд авах арга хэмжээний хувилбаруудыг хэлэлцсэн гэнэ.

Конгресс дахь Бүгд Найрамдах намын хатуу үзэл бодолтой улс төрчид Иранд зэвсгийн цохилт өгөхийг шаардаж байсан ч хүлээж аваагүйгээ Трамп ярьжээ.

Тэрээр Иранд цохилт өгөх нь “хамгийн амархан” арга боловч АНУ-д үүнээс илүү үр дүнтэй шийтгэл үзүүлэх олон арга зам бий гэж үзэж байгаагаа ярьсан юм. Ингэснээр АНУ хэр хүчирхэг гүрэн болохоо харуулж буй хэрэг юм гэж тэр тайлбарласан байна.

“Хэрвээ хүсвэл би яг одоо, яг энд Ираны 15 чухал цэгт цохилт өгөх тушаал өгч чадна. Энэ нь манай улс хэр  хүчирхэг болохыг харуулж байгаа юм. Гэхдээ үүнийг тэвчих хэрэгтэй гэж би бодож байна” гэж Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

Есдүгээр сарын 14-ний өдөр Саудын Арабын газрын тосны хоёр байгууламжид агаараас цохилт өгсөн юм. Саудын тал Ираны засгийн газрыг уг халдлагад буруутгасан ч Тегеран няцааж байгаа.

Өчигдөр Саудын Арабын засгийн газар олон улсын сэтгүүлчдийг халдлагад өртсөн байгууламжуудтай танилцуулжээ.

 

Эх сурвалж: Reuters