Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Номхон далайн бас нэг улс Тайваниас дипломат харилцаагаа тасаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн дотор Тайвань улс хоёр дахь дипломат түншээ алдлаа. Ингэснээр Тайванийг хүлээн зөвшөөрдөг улс дэлхийд 15 болж цөөрч байна.

Номхон далайн 110,000 хүн амтай арал улс Кирибати өнөөдөр Тайванийг эх газрын Хятадаар солих шийдвэр гаргажээ.

Дөрвөн өдрийн өмнө мөн Номхон далайн Соломоны арлууд улс ийм шийдвэр гаргаж байв. Тайваний засгийн газрын төлөөлөгч Кирибатигийн эрх баригчдын шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгдээд хоёр орны хооронд үргэлжилж байсан тусламжийн хөтөлбөрийг зогсоосныг зарлажээ.

2016 оноос хойш Тайвань нийтдээ долоон дипломат харилцаатай түншээ алдаад байна.

Зөвхөн өнгөрсөн онд Эль Сальвадор, Буркина Фасо, Доминиканы Бүгд Найрамдах Улс дипломат харилцаагаа Тайпэйгаас тасалжээ.

Тайваний тал Бээжингийн эрх баригчдыг “долларын гадаад бодлого” явуулж, түншүүдийг нь зээл тусламжаар урвуулж байна гэж шүүмжилдэг.

1949 онд иргэний дайны дараа Тайвань аралд суурьшсан үндсэрхэг үзэлтнүүд тусгаар тогтнолоо зарласан юм. Гэвч Бээжин тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг.

 

Эх сурвалж: CNN