Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганхуяг: “Бадрах энержи” буюу "Арева майнз" компани хайгуул нэрээр уран олборлож байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумаар явж, нутгийн иргэдтэй уулзаж бодит байдалтай танилцаад ирсэн иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын 70 гаруй хүний төлөөлөл өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийж, тус аймгуудад уран хайх биш, олборлож эхэлсэн талаар, иргэдийнх нь амьдралд гамшигт хүрснийг баримтжуулан ирснээ “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг ярилаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Францын “Арева майнз” буюу “Бадрах энержи” хэмээн 2017 онд нэрээ өөрчилсөн байна. Тодруулбал, Францын төрийн өмчит “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Дорноговь зэрэг аймгуудад эзэмшдэг ураны гурван лицензийг өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард “Бадрах Энержи” ХХК-д шилжүүлжээ.

Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй нэрээр олборлолт явуулж, 150 метрийн гүнд хүхрийн хүчил шахаж, гүний усаар дамжуулан буюу уусган баяжуулах замаар 60 гаруй тонн ураны нөөц бэлдсэн байгаа талаар “Урангүй Монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Хундаганаа хэлээд “600 шоо метр шороо ухаж, 1 гр уран авчихаад цацрагийн хортой чигээр нь хаяж байна. Ингээд ус, салхиараа дамжин хүн, мал авчилж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Нэг худгаас усаа авдаг дөрвөн айлын эмэгтэй зулбаж, мал нь эрэмдэг төрж байна. Бидний нүдэн дээр нэг хонь, ямаа гаргахад дотор эрхтнүүд нь тэр чигтээ өмхийрч, идээлсэн, цус нь бүлэгнээд элэг шиг болчихсон байна. “Үүнд итгэхгүй байгаа бол өөрийгөө нядлаад харуулахад бэлэн байна. Миний дотор яг ийм байгаа” гээд малчид өчиж байна. Монгол Улс Улаанбадрах, Зүүнбаян сумын иргэдээ золиосолж байна” гэсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө “Энэ нутагт төрж өссөн хүний хувьд нутаг орныг минь анхааралдаа аваач гэж хүсэж байна. Малчид хүүхэд төрүүлэхээс айдаг болсон. Мал нь хоёр толгойтой, долоон хөлтэй эрэмдэг зэрэмдэг төрж байна. Тийм малаа төрийн байгууллагуудад өгөхөөр шинжилгээнийх нь хариу гардаггүй. Шүүх хуралд аваад очихоор “Чихмэл аваад ирсэн юм уу, олон нийтийн сүлжээнээс олсон зураг юм уу” гэж доромжилсон. Аргаа бараад тусламж хүсэж, төрийн бус байгууллагуудыг нутагтаа урьж, бодит байдалтай танилцууллаа. Уранаас болж хүнд металл, химийн хортой бодис, цацрагт хордсон мал зөвхөн Дорноговьчуудын асуудал биш. Ийм малын мах, сүү Улаанбаатар хот руу орж байгаа. Энэ бол нийт монголчуудын зовлон болсон” гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тул онц байдал зарлаж, урантай холбоотой үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах талаар шаардах бичгийг долоон төрийн бус байгууллага гаргаж, ҮАБ-ын зөвлөлд өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. Мөн ураны хайгуул хийж байгаа биш олборлож байгааг, малчин өрхүүд тус үйл ажиллагааг эсэргүүцэж байгааг, өмнө нь малчдын дэмжлэг авсан хэмээн хуурамчаар гарын үсэг цуглуулсан зэрэг бодит байдлыг бүгдийг баримтжуулсан талаараа “Босоо хөх Монгол” бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв хэллээ. 

Тэрбээр “Бидний Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргахад нотлох баримтын үндэслэл шаардлага хангахгүй гэж шүүгч хэлсэн. Бид бүх нөхцөлийг бичлэг болгон баримтжуулж авсан. Шаардлагатай бол малчид малаа авчраад шүүхийн өмнө нядалж харуулъя гэж байна. 100 толгой малаас 70-ынх дотор эрхтэн тийм нөхцөлтэй байгаа гэдгийг малчид хэлж байна. Үүнээс илүү баримт гэж юу байх билээ” хэмээн ярив. 

Түүнчлэн “Босоо хөх Монгол”-ынхон Сэлэнгэ аймгийн Шаамар суманд иргэдийн гомдлын дагуу очиж, Хятадын компанид 300 га газрыг 60 жилээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсныг Аймгийн Засаг дарга нарт нь хандан, цуцлуулсан талаараа мэдээллээ.