Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийг дулаанаар хангахгүй байгаа ААН-үүдэд ШӨХТГ-аас шаардлага хүргүүлж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт иргэдээс ирсэн гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэрэглэгчийн мэдээллийн 1284 утсаар энэ оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 18-ны хооронд орон сууц тэр дундаа халаалт, дулааны үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл гомдол иржээ. 

Гомдлын тоог бусад саруудтай харьцуулахад ихэссэн ба цаашид өсөх хандлагатай байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээллийн эхэнд онцлов. 

Тодруулбал, гомдлын агуулгын тухайд хэрэглээний усны үнэ тариф нэмэгдсэн ба орон сууцны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ус, суурь хураамжны үнийг нэмж тооцож байна. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд халаалтаа өгөхгүй болон цахилгаанаа хязгаарлаж, ус, цахилгааны төлбөрөө цагт нь төлж байхад үйлчилгээ бүрэн үзүүлдэггүй гэх агуулгатай байжээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Тусгай зөвшөөрөлгүй компаниудын хувьд өр төлбөр үүсгэсэн, чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг. Тэгсэн хэрнэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нөхцөл байдалтайгаар нийт хэрэглэгчдийг хохироож байна. 

Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой. Гэтэл зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байна. 

Учир нь тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй байгууллагууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой. 

Иймд ШӨХТГ-аас улсын байцаагчийн албан шаардлагыг өр төлбөр үүсгэж, хэрэглэгчдийг хохироосон “Ган инженер”, “Бадамлах нар” гэх тусгай зөвшөөрөлтэй  компанид тус тус хүргүүлж байна. Мөн нийт 12 аж ахуйн нэгж байгууллага, 24 байранд засвар хийж байгаа тул дулаан нь ирээгүй байна.

Мөн зарим орон сууцанд Барилга хот байгуулалтын яамнаас тендер нь удаашралтай зарлагдсны улмаас засварын ажил нь хойшилж хийгдэж байгаа ба тус яам орон сууцны бодлого хариуцаж ажилдгийн хувьд энэ үйл ажиллагаагаа эрт зарлаж, иргэд хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчлэх үүрэгтэй" гэв. 

Албан шаардлагад заасан үүрэгт ажлыг биелүүлсэн талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны дотор ирүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэн ажиллах аж.