Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын ерөнхий сайдын нүүрээ хараар будсан гурав дахь зураг ил болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн нүүрээ хараар будаж, хар арьстны дүрийг бүтээсэн хуучны гэрэл зураг хэвлэлээр ил болсон юм.

2001 онд сургуулийн шинэ жил дээр Алладины дүрийг бүтээхдээ ингэж байснаа Трюдо тайлбарлаж, арьс өнгөний үзэл гаргаж байсандаа уучлал гуйсан.

Тэгвэл ердөө хэдхэн цагийн дотор түүний хоёр, гурав дахь нүүрээ хараар будсан зурагнууд ил болсон байна.

Өрнө дахинд голдуу энтертайнмент салбарт цагаан арьстан хүн хар арьстны дүрийг бүтээхдээ нүүрээ хар өнгөөр будах явдал түгээмэл байсан. 

 

Харин өнөөдөр ингэхийг арьс өнгөний үзлийн илэрхийлэл гэж үзээд жигшдэг болоод байгаа.

Дээр ил болсон гэрэл зурагнууд нь 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үе буюу Трюдогийн 20 гаруй настай үеийн зурaгнууд юм.

Либерал үзлийн бэлгэдэл болж, 2015 оны сонгуулийн дараа Канадын түүхэнд анхны хүйсийн харьцаа тэнцүү, олон үндэстэн угсаатнуудаас бүрдсэн засгийн газрыг байгуулж байсан Трюдогийн нэр хүндийг энэ дуулиан сэвтүүлэх төлөвтэй байна.

Аравдугаар сарын 21-нд Канад улсад парламентын сонгуулийн санал хураалт болох юм. Гол өрсөлдөгч консерватив намтай тун ойрхон рэйтингтэй яваа Трюдогийн либералуудын хувьд энэ дуулиан мөн сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Гурав дахь гэрэл зураг ил болсны дараа Жастин Трюдо өмнөх цаг үеийн ийм хэчнээн зураг гарч ирэхийг хэлж мэдэхгүй байгаагаа, мөн заримыг нь санахгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

 

Эх сурвалж: BBC