Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 45 байгууллагын газраас хасаж өөр иргэн, ААН-д хууль бусаар олгосон байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

НГЗБА-ны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий "Эхлээд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийсэн газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцуулъя. Газар чөлөөлөх ажлын хүрээнд 346 хашаа хайс, өргөтгөл найм, ТҮЦ 32, тоосгон гарааш 63-ыг буулгалаа. Нийт 4,151 м/кв газар, 10,189 м/кв явган хүний зам чөлөөтэй болсон.

Хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах зөрчлийг арилгах чиглэлээр мөн ажилласан. Энэ хүрээнд "Найрамдал" зуслангийн хашаанд хууль бусаар газар олгосон тохиолдлуудаас эхний ээлжинд 24 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо. "Найрамдал" зуслангийн хашаанд газар олгосонтой холбоотой хяналт шалгалтын ажлууд үргэлжилнэ.

Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хашаанаас хасаж газар олгосон байдалд судалгаа хийсэн. Нийслэлийн хэмжээнд 105 сургууль, 154 цэцэрлэг, 44 эмнэлгийн газар эзэмшлээс газар олгосон эсэхийг судлахад 45 байгууллагын газраас хасаж өөр иргэн, ААН-д хууль бусаар олгосон байна. Тиймээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлсэн" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлдийн асуултад хариуллаа.

- "Найрамдал" зуслангийн хашаанд хууль бусаар 24 иргэн, ААН-д газар олгосныг хүчингүй болгосон гэлээ. Энэ 24 газар нь зуслангийн нийт талбайн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

- Зөвшөөрлийг нь цуцалсан 24 газрын хувьд зуслангийн нийт газрын 10 хувьд арай хүрэхээргүй байгаа. Үлдсэн газруудад судалгаа хийгээд явж байна. Зуслангийн хашаанд газар олгоод түүн дээр нь барилга бариад, дамжуулаад худалдсан хэд хэдэн тохиолдлууд байгаа. Үүн дээр нарийвчлан судлах шаардлага бий болсон. Мөн өмнө нь зөвшөөрөл цуцалсантай холбоотойгоор шүүхээр явж байгаа асуудлууд бас байна.

- Зуслангийн хашаанд 100 гаруй иргэн, ААН-д газар олгосон байна гэх мэдээлэл гарч байсан. одоогоор нийт хэдэн зөвшөөрлийг цуцлаад байгаа вэ, үүнтэй холбоотойгоор шүүхээр маргаан үүссэн хэдэн тохиолдол байна вэ?

- Газар эзэмших эрхийн асуудлаар 103 байршил судлагдсан. Үүнээс эхний ээлжинд 69 газарт НМХГ-аар шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн байгаа. Зөрчил хуулийн үндэслэл тодорхой болсон 24 газрыг эхний ээлжинд цуцлаад байна. Үүнтэй холбоотойгоор иргэн, ААН-ээс хохирол нэхэмжлэх болон хууль бусаар зөвшөөрөл цуцаллаа гэх асуудлаар шүүхэд гомдол гаргаж байгаа.

- Хууль бусаар газар олгосон албан тушаалтанд ямар хариуцлага тооцож байгаа юу?

- Хариуцлага тооцох асуудалд дээр хүндрэл гарсан. Тухайн үед хууль бусаар газар олгох шийдвэр гаргасан албан тушаалтан ажлаа өгөөд, төрийн албанаас гарсан бол хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Харин тухайн материалыг судалж ажилласан мэргэжилтнүүд дээр сануулах арга хэмжээ авсан тохиолдлууд бол бий.