Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Занаа: Мэдлэгтэй, боловсролтой, эрүүл чийрэг Монгол хүнийг бэлдэхэд “Баялгийн сан” чухал нөлөөтэй

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа

Монголд “Баялгийн сан” байгуулах цаг нь болсон эсэх талаар Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаатай ярилцлаа.

- Сүүлийн үед “Баялгийн сан” гэж дээр, дооргүй их ярих боллоо. Баялагтай байхын үр шимийг ер нь Монгол Улс яавал зөв хүртэх боломжтой вэ. Энэ ер нь хэр зөв шийдэл вэ, Таны бодол?

- Хэн ч байсан түрийвчиндээ хэдэн төгрөгтэй, чадвал насан туршдаа хэрэглэчих гайгүй сайн хадгаламжтай, бүүр чадвал эцэг, өвгөдөөс бидэнд өвлүүлж үлдээсэн энэ их баялгаасаа ашиг хүртчихдэг байхыг хүснэ.

Дэлхийд гайхагддаг ордууд, түүнээс гарсан бүтээгдэхүүнээсээ ашиг ч бай, хишиг ч бай хүртэж чаддаг байвал хүн бүрийн сэтгэл санаа тэнэгэр, Монгол хүн болж төрсөндөө бахархаж, толгой дээгүүр, хараа тайван алхаж явдаг болно доо, наад зах нь гэхэд л. Тэгэхээр баялгийн сан бидэнд зайлшгүй хэрэгтэй гэж би боддог. Тиймээс өнөөгийн 3 сая гаруй монголчуудаас “Баялгийн сан хэрэггүй” гэж хэлэх нэг ч хүн байхгүй, би итгэлтэй байна.

Баялгийн сан бол одоо амьдарч байгаа мань мэтэд зөвхөн хэрэгтэй зүйл биш, хойч үеийнхэн маань хэдэн зуунаар хэрэглэж амьдрах тэр боломжийг бий болгох чухал ач холбогдолтой байх ёстой. 

- “Баялгийн сан” Монгол Улсад чухал хэрэгтэй гэж Та хэллээ. Цаг нь болсон гэсэн үг үү. Гэхдээ яагаад гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

- “Баялгийн сан” зөвхөн Монгол улсад хэрэгтэй юм биш, бүх дэлхийн улс орнуудад хэрэгтэй, байх ёстой сан юм. Яагаад гэвэл байгаль дэлхийн үр шим, өгөөжийг энэ Монголын, энэ дэлхийн бүх хүн эдэлж, хэрэглэж амьдрах учиртай, ёстой, жамтай, хуультай юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч энэ тухай бүрэн дүүрэн тусгаж, тунхагласан байгаа. 

Байгаль дэлхийн баялаг, Монгол улсын баялаг аль нь ч байсан тэнд амьдарч байгаа бүх нийтийн өмч. Хэн нэг нь хэдэн жилийн өмнө өөр гаригаас авч ирээд дараа хэрэглэнэ гээд булчихаад яваагүй л бол угаас заяасан эх нутгийн газар, хөрсөнд хэдэн сая жилээр байгаль эх өөрөө урлан бүтээж бий болгосон болохоор тэр хувь заяат газар, оронд төрсөн хүн бүрийн өмч гэж үздэг. Энэ бол зүгээр нэг өгөөмөр сэтгэлийн асуудал биш. 

Тиймээс тухай улс орон, тухайлбал Монголын төрөөс “Баялгийн сан”-г заавал байгуулж, ард нийтийн өнөөгийг болон ирээдүйн хэрэглээнд зориулах учиртай гээд байгааг би хувьдаа бүрэн дэмжиж байгаа. Цаг нь болсон. Энэ бол ШУДАРГА ЁС, ТЭГШ ЁС, ТЭГШ БОЛОМЖ-ийг нийгмийн бүх салбарт бий болгох, тухайлбал, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай болгох тулгуур нөхцөлийг бүрдүүлж байгаа асуудал юм. Баялгийн сан байгуулснаар иргэн бүр хүн шиг амьдарч улс Монгол маань улс шиг хөгжих бүрэн боломж нээгдэнэ гэж харж байгаа.

Гэхдээ “Баялгийн сан”-д дуусдаггүй, барагддаггүй, юунд ч, яаж ч, хэзээ ч хэрэглэж болно гэсэн ойлголтоор хандаж болохгүй. Дээр нь бас нэг бодож явдаг зүйлээ нэмээд хэлэхэд “Баялгийн сан” байгуулах нь зөв, харин энэ сангийн хөрөнгийг зарцуулах объектоо сайтар тодорхойлох шаардлагатай, тухайлбал, баялаг гэж чухам юу юм, бид ямар баялгийг Монголдоо бий болгох гээд байна вэ, бид хүнээ баялаг гэж үзэх үү, эсвэл үүнд салбарын асуудлуудыг оруулах уу гэх мэтчилэн. Миний хувьд бол бид эхлээд хүнээ баялаг, хүн эргээд баялаг бүтээгч гэж үзэж хүндээ хөрөнгө оруулалт хийдэг баялгийн сантай байвал аштай юу гэж боддог. 

- “Баялгийн сан” байгуулснаар нийт иргэдэд, цаашилбал улс орны хөгжилд бодитой  нөлөөлнө гэдэгтэй Та санал нийлэх үү?

- Нийлнэ. “Баялгийн сан” байгуулснаар зөвхөн дундаж гэлтгүй, бүх давхаргын хүнд хамаатай үйл ажиллагаа болно. “Баялгийн сан” бүх насны, бүх давхаргын хүний амин чухал хэрэгцээ, улс орны хөгжлийг баталгаатай авч явж чадах тэр асуудал бүрт хамаатай байх болов уу. Түүнээс биш хувь хүний ашиг сонирхолд нийцүүлээд баруун, солгойгүй тараагаад байхгүй байлгүй дээ.

Хэрэв ингээд тараагаад эхэлбэл ийм сан хэрэггүй. Би ирээдүйн зуунд амьдрах чадвартай, мэдлэгтэй, боловсролтой, эрүүл хүн шиг хүнийг бэлдэж бий болгох тэр чиглэлд сангийн хөрөнгийг зарцуулах нь маш чухал гэж бодож байгаа. Учир нь мэдлэгтэй, боловсролтой, оюун санаа, бие бялдарын эрүүл чийрэг иргэнээ одооноос бэлдэхэд “Баялгийн сан” чухал үүрэг гүйцэтгээсэй гэж хүсч байгаа. Монгол улсыг УЛС ШИГ хөгжүүлье гэвэл ирээдүйн ХҮНИЙ чанарт анхаарах шаардлагатай. Хүний чанар гэдэгт эрүүл биетэй, зөв хандлагатай, зөв ёс суртахуунтай, аливаа асуудалд зарчимч хандаж, зохистой шийдвэр гаргаж чаддаг чадвартай байхаас эхлээд ардчилсан, шударга ёсны олон асуудлууд хөндөгддөг.

Манай нийгэмд хүний чанар сүүлийн 30 жилд танигдахааргүй өөрчлөгдөж байгаа жишээнүүдийн дунд Монгол хүн өөрөө, өөрийгөө хөнөөж байгаа хар тамхинд донтох, бэлгийн замын өвчнүүд газар авч байгаа зэрэг олон үзэшгүй сөрөг байдлууд бий болчихлоо. Тиймээс “Баялгийн сан”-гийн нэг чухал зорилт бол хүн гэдэг баялгийг шинээр сэргээн бүтээх асуудалд хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарах нь мэдээж болчихлоо шүү дээ. 

- “Баялгийн сан” байгуулж үр шимийг нь хүртсэн олон улс орон байдаг гэдэг. Таны мэдэж байгаа ямар улс орон байна вэ? 

- Сан бүр өөрийн нэртэй, өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн онцлогтой байдаг юм билээ. Норвеги улсад бол Засгийн газрын дэргэдэх “Тэтгэврийн сан” нь бүрэн тусгаарлагдсан 2 санд хуваагддаг, Засгийн газраас хараат биш “Баялгийн сан” энд багтдаг юм билээ.

Засгийн газрын дэргэдэх “Тэтгэврийн сан” нь “Газрын тосны сан” гэдгээрээ алдартай, 1990 онд байгуулагдсан. Энэ сан 1 их наяд америк долларыг давсан хөрөнгөтэй, үүндээ дэлхийн хөрөнгийн зах зээлийн 1.5 хувьтай тэнцэх хөрөнгө болон хувьцаатай, 2018 оны байдлаар Норвегийн нэг иргэнд 195.000 доллар ноогдож байсан, улсынхаа эдийн засгаас 2.7 дахин их хөрөнгөтэй.

Хөрөнгийн зах зээл дээр 77 орны бонд болон үнэт цаасыг эзэмшдэг, дэлхийн 8.985 компанийн хувьцааг эзэмшдэг, дэлхийн бүх хөрөнгийн 1.4 хэсгийг эзэмшдэг, тухайлбал APPLE, NESTLE, GOOGLE, MICROSOFT гэх мэт. Хамгийн ихээр хөрөнгө оруулалтаа хийсэн улс нь АНУ, дараа нь Англи. Харин тамхи, цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн ёс зүйн зарчимтай. Харин “Тэтгэврийн сан” нь 1967 онд байгуулагдсан ч арай бага хөрөнгөтэй, үндэсний даатгалын сангийн хэлбэртэй ажилладаг. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг ийм сангууд байдаг гэсэн. 

- Баярлалаа