Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Францад сөнөөгч онгоц осолдож, нисгэгч нь өндөр хүчдэлийн шугаманд өлгөгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бельгийн зэвсэгт хүчний F-16 сөнөөгч онгоц Францын нутаг дээгүүр нисэж яваад осолдсон байна.

Өглөөний 10:30 цагийн орчимд Бриттани мужийн нутагт унасан онгоц азаар энгийн иргэдэд хохирол учруулаагүйг албаныхан мэдээлжээ. Ослын газраас 50 орчим метр зайтай орших амины орон сууцны дээвэрт бага хэмжээний эвдрэл гарч, эздийг нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Онгоцны хоёр нисгэгч шүхрээр бууж амжсан бөгөөд нэг нь амжилттай газарджээ. Харин нөгөө нэг нисгэгчийн шүхэр өндөр хүчдэлийн шугамд тээглэж, агаарт дүүжлэгдсэн байна.

Нисгэгчийг аврах багийнхан эрчим хүчний мэргэжилтнүүдтэй хамтран буулгажээ.

F-16 сөнөөгч онгоц Бельгийн Флореннес агаарын баазаас хөөрч, Францын баруун бүсийн агаарын баазад хүрэх төлөвлөгөөтэй нисэж байсан гэнэ.

Ослын шалтгааныг тодруулахаар Бельгийн мэргэжилтнүүд Францыг зорьсон байна.

F-16 нь ганц хөдөлгүүрт дуунаас хурдан сөнөөгч онгоц бөгөөд 1973 оноос хойш АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian