Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын удирдлагуудыг шүүх буруугүй гэж дүгнэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Tepco компанийн удирдлагууд

Найман жил гаруйн өмнө Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц цунамид нэрвэгдэж сүйрсэн билээ.

Үүнийг 1986 оны Чернобылийн гамшгийн дараа болсон хамгийн том цөмийн сүйрэл гэж үздэг. 

Фүкүшимагийн станцын үйл ажиллагааг хариуцдаг Tokyo Electric Power (Tepco) компанийн экс удирдлагуудыг өнөөдөр Токио хотод шүүгээд буруугүй гэж дүгнэжээ. Уг гамшгийн үеэр 470,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 18,500 орчим хүн амь үрэгдсэн буюу сураггүй алга болсон юм.

Тэдгээрээс 44 хүний үхэлд Tepco-гийн гурван удирдлагыг шууд буруутай гэж прокурорууд дүгнээд байв.

Тухайн үед ерөнхийлөгч байсан 79 настай Цунехиша Кацумата, дэд ерөнхийлөгч байсан 69 настай Сакае Муто, 73 настай Ичиро Такекуро нар мэргэжлийн алдаа гаргасан нь тогтоогдвол өнөөдөр тус бүр таван жилийн хорих ял сонсох байсан юм.

Гэвч шүүхээс эмнэлгийн өвчтөн өндөр настнууд нүүлгэн шилжүүлэх явцад нас барсанд цөмийн станцын осол шууд нөлөөлөөгүй гэж дүгнэжээ.

Удирдлагуудыг цөмийн ослын үеэр олон хүн амиа алдсанд буруутгах үндэслэл маш бага байсан юм. Тиймээс прокурорууд тэднийг шалгаж, ялын дүгнэлт гаргахаас хоёр ч удаа татгалзаж байжээ. Буруутгах ганц шалтгаан олдсон нь сүйрлээс олон жилийн өмнө буюу 2002 онд далайд 15 метрээс дээш өндөртэй цунами үүсвэл станц осолдох эрсдэлтэй тухай анхааруулгыг Фүкүшимагийн удирдлагуудад өгч байсан гэх баримт юм. Мэргэжилтнүүдийн өгсөн энэхүү анхааруулгыг тухайн үеийн удирдлагууд тоолгүй өнгөрсөн юм байна.

Гэвч энэ баримт тэднийг яллах хангалттай шалтгаан биш гэж шүүх дүгнэжээ.

Токиогийн шүүхийн гадна хохирогсдын талынхан цуглаж, удирдлагуудад шийтгэл оноохыг уриалж байв. Одоо тэд шүүхийн шийдвэрийг давж заалдах нь тодорхой болоод байна.

Фүкүшимагийн сүйрлийн дараа Япон улс бүх цөмийн реакторуудаа унтрааж байв. Өнөөдрийн байдлаар аюулгүй байдлыг нь сайтар шалгасны эцэст хэд хэдэн реактор дахин ажиллаж байгаа.

Гамшгаас хойш Tepco компанийн эсрэг хэд хэдэн удаа зарга үүсгээд байна. Тухайлбал гамшгийн дараа станцыг цацраг туяанаас цэвэрлэх ажилд оролцоод өвчилсөн ажилчид хохирлоо барагдуулахын тулд шүүхэд хандаж байжээ.

 

Эх сурвалж: BBC