Одоогийн Мексикийн газар нутагт 66 сая жилийн өмнө аварга астероид унахад үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үздэг.
Тэгвэл үүнээс ч өмнө сансрын уудамд болсон нэгэн үзэгдэл манай дэлхийн амьдралыг эрс өөрчилсөн болохыг эрдэмтэд тогтоожээ. Ангараг болон Бархасбадь гарагуудын дунд орших тойрог замд 150 км болон 20 км диаметртэй хоёр аварга биет мөргөлдсөн нь хоёр тэрбум жилийн өмнөх явдал юм.
Үүний улмаас үүссэн тоосонцор нь сансрын уудамд болон дэлхийн агаар мандалд тархаж, нарны гэрлийн тусгалыг хамгийн багадаа хоёр сая жилийн турш бууруулсан байна. Үр дүнд нь дэлхийн уур амьсгал эрс сэрүүсжээ.
Нөгөө талаас төмрөөр баялаг тоосонцор дэлхийн далай тэнгисүүдэд бууснаас хөвөгч бичил биетүүдийн үржлийг нэмэгдүүлж, агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулсан нь дэлхий сэрүүсэх бас нэг хүчин зүйл болсон гэж судлаачдын ахлагч, Шведийн Лунд их сургуулийн геологийн профессор Биргер Шмиц тайлбарлажээ.
Энэ бүхний үр дүнд тухайн үед далай тэнгисийн усанд үүсэн бүрэлдэж байсан амьд биетүүд хүйтэн уур амьсгалд дасан зохицох хувьсал явагдсан байна.
“Манай дэлхийн амьдралын хувьсал өөрчлөлтүүд астрономийн үзэгдлүүдээс хамааралтай байсныг эрдэмтэд сүүлийн жилүүдэд ойлгодог болж байгаа. Тэгвэл бид анх удаа үүнийг батлах жишээг танилцуулж байна” гэж Шмиц ярьсан юм.
Тэдний ажлын тайлан өчигдөр “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ.
Эрдэмтэд тунамал хадны бүтцээс тухайн үед дэлхийн агаар мандалд орж ирсэн гадаад ертөнцийн гаралтай эрдсийн ул мөрийг олж илрүүлсэн юм байна.
Үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн үзэгдэл богино хугацаанд явагдсан бол эрт төрмөлийн эриний хоёр дахь галав болох Ордовийн галавт болсон үзэгдэл дэлхийн уур амьсгалыг аажмаар сэрүүцүүлсэн тул тухайн үеийн амьд биетүүд устаж алга бололгүй, дасан зохицож чаджээ.
Тухайн үед бүхэлдээ халуун орны уур амьсгалтай байсан дэлхий сэрүүсч, хоёр туйл нь мөсөөр хучигдан экватороос туйлууд хүртлээ ялгаатай уур амьсгалын бүсүүдтэй болж өөрчлөгдсөн байна.
Эх сурвалж: Reuters