Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез улс 547 чингэлэг хогийг өндөр хөгжилтэй улс орнууд руу буцаана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед баян чинээлэг улс орнууд хог хаягдлаа багтааж шингээх газаргүй болж, Зүүн Өмнөд Азийн буурай хөгжилтэй орнууд руу янз бүрийн аргаар илгээдэг болсон.

Ийм арга замаар боомтуудад нь ирээд байгаа 547 чингэлэг дахин боловсруулагддаггүй, хортой хог хаягдлыг ирүүлсэн орнууд руу нь буцаах болсноо Индонезийн засгийн газар зарлажээ.

Өчигдөр эхний ээлжинд есөн чингэлэгтэй 135 тонн орчим хогийг Австрали улс руу илгээсэн байна. Бичиг баримт нь бүрдсэний дараа дахин 91 чингэлэг хогийг Австрали руу илгээх гэж байгааг гаалийн албаны хүн мэдээлжээ.

Зөвхөн нийслэл Жакартагийн ойролцоох Тангеранг боомтод 156 чингэлэг хог хаягдал хадгалагдаж байгааг ойрын үед Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ руу илгээхээр бэлдэж байгаа гэнэ.

Индонез улс энэ он гарсаар өөрийн боомтуудад нь буулгах гэсэн 2,000 гаруй хогтой чингэлэгийг хүлээж авалгүй буцаасан байна.

Мөн 2019 онд нийт 331 чингэлэг хогийг Франц, Герман, Грек, Нидерланд, Словени, Канад, Япон, Хонг Конг руу буцаажээ.

Оны сүүл гэхэд нэмж 216 чингэлэг хог гадаад руу илгээх гэнэ.

Бас гадаадаас хог хаягдал хүлээж авахаар ажиллаж байсан Индонезийн хэд хэдэн компанид 90 хоногийн дотор буцааж эзэн oрон руу нь явуулах даалгаврыг засгийн газар нь өгсөн байна.

Тус улсад хортой хог хаягдал нэвтрүүлсэн хүнд 12 хүртэл жил шоронд хорих ял, 12 тэрбум рупигийн ($850,000) торгууль оноодог хуультай болжээ.

Дэлхийн ихэнх хог хаягдлыг хүлээн авч боловсруулдаг байсан Хятад улс 2017 оны сүүлээс эхлэн гадаадаас авахаа зогсоосон юм. Үүний улмаас Зүүн Өмнөд Азийн улсууд өндөр хөгжилтэй орнуудын хогонд дарагдах болоод байна.

НҮБ-ын гаргасан тооцоогоор Хятадын хоригтой холбоотойгоор 2030 он гэхэд 110 сая гаруй тонн хуванцар хаягдлыг дэлхийн улс орнууд багтааж шингээх газаргүй болох гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press