Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаасаа няцсан учир ҮХЦ-д хандлаа

Б.Ану
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) гишүүд өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэцэд тангарагаасаа няцсан үндэслэлээр санал гаргаад байна.

Энэ тухай тус намын гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхаас дараах тодруулгыг авлаа.

- ХҮН өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан байна. Энэ талаараа тодруулж өгөөч?

- Ерөнхийлөгч Х.Баттулга "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуултыг нэмэх саналыг хүргүүлсэн нь өөрөө Үндсэн хууль ноцтой зөрчсөн явдал юм.

Энэ саналаа албан ёсоор ЕТГ-ын дарга З.Энхболдоор уламжлан 2019.9.9-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ шийдвэртэй нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ХҮН-ын залуус бид мэдээлэл гаргаад байна.

- Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчөө Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргаж байгаа тохиолдол болж байна. Хуулийн үндэслэл нь яг юу вэ? Ерөнхийлөгч ямар хууль зөрчив?

- Үндсэн хуулиас эхлээд хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал,

Нэгд, Үндсэн хуулийн 68.2, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгыг уг хуулийн 4.1-д заасан төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар явуулах санал асуулгаас ялган тусгайлсан зохицуулалтыг хуульчилсан.

Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.6-д УИХ-аас хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулж, бүхэлд нь баталсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс зөвшөөрөх, татгалзах гэсэн хувилбараар ганц л асуулт асуух ёстой гэж тодорхой зохицуулсан.

Гэтэл Ерөнхийлөгч дээрх хуулийн заалтуудыг илтэд зөрчиж, засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуулт нэмэх санал өргөн барьсан нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчим болон бусад хэд хэдэн зааллтыг нь зөрчсөн хэрэг юм.

- Ерөнхийлөгч Үндсэн хууль өөрчлөх санаачилга гаргаж болохгүй гэж үү?

- Ерөнхийлөгчийн гаргасан энэ санал бол одоогийн Үндсэн хуулийг халж буюу бүхэлд нь өөрчлөж, шинэ Үндсэн хуультай болох тухай асуудал юм.

Мөн Үндсэн хууль өөрчлөх, санал гаргах, асуулга явуулах нь өөрийн гэсэн зарчим, хуультай.

Ямар ч төрийн албан тушаалтан байсан Үндсэн хуулийг уландаа гишгэж, дур зоргын улс төр хийж, монголчуудын хувь заяа, эрх чөлөөгөөр “наадах” эрхгүй. Ийм дур зоргыг, эрх мэдлээ хэтрүүлэх явдлыг хязгаарлах, төрөөс иргэдээ хамгаалахын тулд бид 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлаж, парламентын ардчиллыг сонгосон.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан.

Гэтэл Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад Үндсэн хуулийг дээдлэн сахина, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаална хэмээн тангарагласан Ерөнхийлөгч маань хууль зөрчин байж Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг үгүйсгэх, тэс өөр төрийн байгуулалтын хэлбэртэй болгох санал гаргаснаар энэ хүн тангарагаасаа няцаж, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзэж байна.

Тиймээс бид Ерөнхийлөгч энэхүү шийдвэр, үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн үү, тангарагаасаа няцсан уу, түүнийг огцоруулах үндэслэл байна уу гэдгийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Одоогийн Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээсээ удаа дараа хазайсан, нийгмээ талцал, хагаралд дуудсан шинжтэй үг, үйлдэл гаргаж байсан.

Бид үүгээрээ түүний энэ дур зоргод хэмжээ хязгаар гэж бий шүү, тэр нь Үндсэн хууль юм шүү гэдгийг сануулахыг бас зорьсон.

Улс төрчид ард түмнээс нэг л сонгогдсон бол дараагийн сонгууль хүртэл юу дуртайгаа хийж, төрийг яаж ч самарч болно гэж боддогоо болих хэрэгтэй.

- Үндсэн хуулийн цэцийн гишүүд улстөрийн нөлөөлөл ихтэй учраас хэлэлцэгдэхгүй байх магадлал өндөр. Энэ эрсдлийг яаж тооцсон бэ?

- Тийм. Энэ бол өнөөгийн Монголын эмгэнэлтэй бодит байдал.

Үндсэн хуулийн цэц гэдэг энэ түүхэн дэвшилтэт институтыг бид Үндсэн хуулиараа зохих ёсоор нь хангалттай бие даасан байдлаар байгуулж чадаагүй.

62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд цэцийн гишүүнд тавих шаардлагыг зөв зүйтэй болгох заалт байсан боловч харамсалтай нь хасагдсан. Үнэндээ Үндсэн хуулийн цэц улс төрийн нэлээд нөлөөлөлтэй байгууллага болсон гэдгийг дийлэнх иргэд хүлээн зөвшөөрдөг.

Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгчийн Цэцэд нөлөөлөх магадлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэж харагддаг. Тэр утгаараа магадгүй бидний мэдээллээр маргаан үүсгэхгүй, буцаагаад шидчих байх. Тэрийг нь гэхдээ мэдээж монголчууд харж, мэдрэх бүрэн чадвартай. Бид ч шантрахгүй.

- Тэгээд цаашид яах вэ?

- Ямар ч тохиолдолд хууль, тэр дундаа Үндсэн хуулиа зөрчиж болохгүй.

Зөрчөөд эхлэвэл буруу жишиг тогтоож, Монгол төрөө нурааж, улсын тусгаар тогтнол аюулгүй байдал замхран сулрах болно.

Тиймээс эх орноо л гэж байгаа бол бүгд Үндсэн хуулиа хамгаалан тэмцсээр байх ёстой. Бослого тэмцлээс бусдаар бидэнд үлдсэн сүүлчийн боломж бол энэ юм. Энэ Үндсэн хуульт байгуулал, энэ ардчилал, эрх чөлөө бол миний, бидний үр хүүхдийн ирээдүйд хамаатай. Тиймээс амиа алдахаас ч айхгүй. Энэ янзаараа бол энэ Ерөнхийлөгч, улс төрчид цаашид ч хувийн болон бүлэглэлийнхээ ашиг сонирхол, шуналын дэвээсээ болоод Үндсэн хуулийг уландаа гишгэн зөрчих, хийтэй үг, үйлдэл гаргасаар байх нь ойлгомжтой байгаа.

Гэхдээ бид Цэцийн гишүүдийг бүгдийг нь дархан эрх ямбаны ард амиа хоохойлсон гэмт этгээдүүд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болсон этгээдүүд гэж бодохгүй байгаа. Эрх биш дотор нь тулхтай, төрийн зүтгэлтнүүд, шударга хүмүүс байгаа гэж найдаж байгаа. Одоо харах л үлдлээ. Цэцийн гишүүд гэдэг улс төрчдийн “тавиулууд” уу, Үндсэн хуулийн “манаачид” уу гэдгийг.