Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чимэдбат: Тууш замын зорчих хэсэг дээр зогсоод зургаа авхуулах ч тохиолдол гарсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32.2 километр урттай, хоёр урсгал зургаан эгнээ бүхий хурдны замыг өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр улсын комисс хүлээж авсан билээ.

Саяхнаас тус замын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

Зам нээгдсэнээс хойш замд дээр гарч байгаа зөрчил болох иргэдийн анхаарах ёстой зүйлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

- Хурдны зам дээр жолооч нар зөрчил гаргасан тохиолдол байна уу?

- Тууш зам нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Монгол Улсын анхны тууш зам учраас иргэдэд мэдэхгүй зүйлүүд нэлээд байна.

Жолооч нар тууш зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа дундаас буцаж эргэх, зам дээр түр зогсох, 40 км-ээс удаан явах гэх мэт зөрчил ажиглагдаж байна.

Ер нь хориотой газар буцаж эргэх, ухрах, зогсох гэх мэт зөрчлийг шинэ баригдсан гүүр дээр ч гаргаж байна. 

Тууш замаар том оврын автомашин, унадаг дугуй, явган зорчигч, ердийн хөсөг, цагт 40 км-ээс бага хурдтай болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон нь Замын хөдөлгөөний дүрэмд бий.

Мөн тухайн зам нь өөрөө 32 км-ийн урттай, тээврийн хэрэгслийн дээд хурд 100 км гэж заасан учраас богино хугацаанд туулах боломжтой. Иймд зориулалтын зогсоол байх ч шаардлагагүй юм.

Гэтэл бүр замын зорчих хэсэг дээр зогсоод зургаа авхуулах ч тохиолдол гарсан.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн дээд хурдыг 100 километр гэж заасан. Гэвч жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй байж, хурд хүчийг нь сорих зорилгоор заавал 100 км-ээс хэтрүүлсэн тохиолдол ч бий.

- Хөшигийн хөндийн нисэх буудал одоогоор ашиглалтад ороогүй байна. Одоогоор иргэд тус замаар аль зүг рүү зорчиж байна вэ? 

-Тууш зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг.

Төв аймгийг зорьсон иргэд ихэвчлэн тууш замаар хөдөлгөөнд оролцож байна.

- Тээврийн цагдаагийн албанаас тууш зам дээр гарсан зөрчилд арга хэмжээ хэрхэн авч байгаа вэ?

- Тээврийн цагдаагийн алба хаагчид 24 цагаар гурван ээлж гарган тухайн зам дээр үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна камераар давхар хянаж байна. Бид гарч байгаа зөрчил бүр дээр хуулийн дагуу л арга хэмжээ тооцож ажиллана. 

Гэхдээ эхний ээлжинд арга хэмжээ тооцохоос илүү жолооч нарт тууш зам дээр хөдөлгөөнд оролцоход зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй зүйлийн тухай нэлээд соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Учир нь дээр дурдсанчлан анхны тууш зам учраас хөдөлгөөнд оролцогч жолооч нар мэдээлэл муу байна. 

- Тэгвэл тууш зам дээр зорчихдоо жолооч нар юуг анхаарах ёстой вэ? 

- Мэдээж хүүхдэдээ болон өөрөө хамгаалалтын бүсээ зүүх, 100 км цагаас хэтрүүлэхгүй байх, 40 км цагаас дээш хурдтай зорчих, зам дээр зогсох, ухрах, эргэх үйлдэл хийхгүй байх ёстой.

Дээр нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай.

Хэчнээн сайхан замтай болсон ч манай улсад ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь 15-20 жилээс дээш насжилттай. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдал болсон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамгаас чухал.

Бид хэчнээн сайн замтай байсан ч тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн бус байж болохгүй. Учир нь үүнээс шалтгаалж зам тээврийн осол гарах магадлалтай шүү дээ. Хэрэв тухайн зам дээр тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осол, хэрэг гарвал ноцтой байдал үүснэ.

Тиймээс уг замаар зорчиж байгаа жолооч нар туйлын хариуцлагатай байх шаардлагатай.

- Хориотой газар ухрах, эргэх зөрчил шинэ гүүр дээр ч гаргаж байгаа тухай хэллээ. Тэгвэл шинэ гүүр нээгдсэнээр замуудын ачаалал хэр буурч байгаа вэ?

- Өнгөрсөн Даваа гарагт Замын цагдаагийн зөвхөн үндсэн гүүрийн хөдөлгөөнийг буюу Их Монголын гудамжийг Олимпын гудамжтай холбосон шулуун хөдөлгөөнийг нээсэн.

Тодорхой хугацааны дараа явган хүний зам, салбар жижиг гүүрүүд нээгдэх байх.

Тус гүүр ашиглалтад орсноор Энхтайвны гүүрийн ачаалал болон бусад замуудын ачаалал тодорхой хэмжээгээр буурч байгаа.

Гүүрийн ганцхан шулуун хөдөлгөөнийг нээгээд замын түгжрэл шууд арилахгүй учраас цаашид гүүрийн бусад хэсгүүд нээгдэхээр замуудын ачаалал илүү буурна.

Түүнээс гадна тус гүүрээр дамжин Нарны зам руу буух эсвэл Нарны замаас гүүр лүү орох боломж одоогоор байхгүй гэдгийг жолооч нар анхаарч, гүүр дээр зогсох, буцах эргэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй.