Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компани Ангараг гарагт хүрэх хөлгөө туршихын тулд бүтэн тосгон худалдаж авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансрын технологийн SpaceX компани Ангараг гараг руу аялах Starship хөлгийг зохион бүтээж байгаа.

Саяхан тэд энэ хөлгийнхөө туршилтын загварыг Техасын өмнөд бүсэд байрлах талбайгаас агаарт 150 метрийн өндөрт хөөргөж, ажиллагааг нь шалгасан юм.

Хөлгийг хөөргөсөн тавцан нь хүн ам суурьшсан хамгийн ойр газар Бока Чика тосгоноос хоёр километр орчим зайтай байжээ.

Гэвч цаашдын үйл ажиллагаа талбайн ойролцоо оршин суудаг хүн амд аюул учруулах эрсдэлтэйг сүүлийн туршилт харуулсан байна.

Тиймээс SpaceX компани Бока Чика тосгоныг бүхлээр нь худалдан авч, буулгах зорилго тавьжээ.

Даваа гарагаас эхлэн тус тосгоны оршин суугчид SpaceX компаниас үл хөдлөх хөрөнгийг нь худалдаж авах хүсэлтэйгээ илэрхийлсэн захидал хүлээн авсан байна.

Бока Чика тосгонд 20 өндөр настан амьдардаг бөгөөд тэд нийт 30 орчим үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ажээ.

SpaceX компани тэдэнд зах зээлийн бодит үнэ ханшаас гурав дахин өндөр үнэ төлөхөд бэлэн байгаагаа захидалд мэдэгдсэн байна.

Энэ саналд хариу өгөх хугацааг хоёр долоо хоног гээд санал болгосон үнийг тохиролцож өөрчлөх боломжгүйг бас мэдэгджээ.

Гэвч захидал хүлээж авсан тус тосгоны 10 оршин суугч SpaceX-ийн нөхцлийг хүлээж авахаас татгалзаад байгаа гэнэ. Тэдний ихэнх нь өөрийн насаараа босгосон үл хөдлөх хөрөнгийг худалдах хүсэлгүй байна.

Мөн далайн эргээс холгүй орших ийм сууцыг SpaceX-ийн төлөх гурав дахин их мөнгөөр өөр газарт худалдаж авах боломжгүй гэж үзжээ. Зарим нэг нь зүгээр л SpaceX компанийн дээрэнгүй шаардлагад дургүй байгаа тул саналаас татгалзжээ.

Илон Маскын байнга ярьдаг Ангараг гарагт хүн төрөлхтнийг суурьшуулах амбицтай төлөвлөгөө ийнхүү саадтай тулгарч байна.

 

Эх сурвалж: Business Insider