Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхмөгц Ц.Нямдорж сайд хуулийн төсөл өргөн барив уу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. 

Түүний өргөн барьсан хуулиудын нэг болох Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан байна. Тодруулбал, өмнө нь эрүүгийн хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог байсан. Харин одоогийн хуулиар хэргийг шалгаж байх явцад ч хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор байгаа юм. 

Тэгвэл Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг өмнөх байдлаар нь өөрчлөхөөр тусгажээ.  

 

Одоогийн мөрдөж буй хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байна гэдэг шүүмжлэл гарсаар байгаа. Ялангуяа авлига, албан тушаалын хэргүүд энэ шүүмжлэлийн гол бай болдог. Албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг удаан хугацаанд шалгаж, шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаах хооронд хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн энэ хугацаа дуусч, хэрэгсэхгүй болгосон олон жишээ бий. 

Тэгвэл яг ийм хэргийн тоо дахин нэгээр нэмэгдэх нь магадлалтай болоод байна. Тодруулбал, "Жаст"-ын хэмээгддэг Ш.Батхүүгийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сард дуусах гэж байгааг Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр ярилцлагадаа дурджээ.

Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж. Яг энэ үед Ц.Нямдорж сайд ч хуулийн төслөө өргөн барьж.

Шүүмжлэл дагуулаад буй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг засах хуулийн төслийг одоогоос жилийн өмнө боловсруулж, өргөн барихад бэлэн болгосон тухайгаа дэд сайд асан Б.Энхбаяр хэлж байсан.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын хуулийн төсөл өргөн барьсан, Ш.Батхүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хоёр зүгээр л давхцаж таарав уу. Эсвэл Хууль зүйн сайд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг хав дарж байгаад сая гаргаж ирэв үү. 

Ямартай ч авлига албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүнийг уснаас хуурай гарч ирэхэд тусалж буй хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдөх нь. Харин Ш.Батхүү хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулж ял шийтгэлгүй үлдэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ.