Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батмөнх: Орон нутгийн чиглэлд парк ашиглалт 50 хувьдаа ч хүрдэггүй

Б.Бадралмаа, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт цагийн давтамж нэмэгдүүлсэнтэй холбоотой жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсан.

Тэгвэл энэ дуулиан өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна.

Авто тээврийн үндэсний төвөөс Хөвсгөл, Ховд, Увс, Архангай зэрэг баруун аймгийн нийтийн тээврийн чиглэлд цагийн давтамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг эсэргүүцэн жолооч нар Зам тээврийн хөгжлийн яамны гадна талбайд өчигдөр цугласан юм.

Тэд “Олон жил хот хоорондын үйлчилгээнд явсан компаниудын эрх ашгийг зөрчиж, цагийн давтамжийг нэмэгдүүлж байна. Зам харгуй гайгүй болж, бааз сууриа бэхжүүлэх ажил дөнгөж эхэлж байхад зөвшилцөлгүй өөр компани оруулж ирж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчсөн үйлдэл" хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар “Түмэнд нээлттэй” ХХК-ийн үйл ажиллагааны менежер Г.Батмөнх “Авто тээврийн үндэсний төв нь өөрөө төр, хувийн хэвшлийг уялдаатай ажиллуулах чиг үүрэгтэй гол байгууллага. Гэтэл сүүлийн найм, есөн жил энэ байгууллагад тогтвортой баримталж байгаа бодлого гэж алга.

Сайд дарга нар солигдох тоолонд өмнө нь хийж байсан ажлаа үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, ажил хийж байгаа хувийн хэвшлүүдээрээ тоглодог, нэгийг нь нөгөөгөөр нь цохиж унагаадаг тогтолцоотой болчихлоо.

1990 оноос хойш хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байгаа төрийн бодлого гэж байхаа больсон. Манай компани Увс аймгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлд одоогийн байдлаар хоёр компанийн 40 гаруй автобус үйлчилж байна.

Орон нутгийн чиглэлд хүн урсгал бага, парк ашиглалт 50 хувьдаа ч хүрдэггүй. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй шугам нэмнэ гээд байдаг. Үүний цаана эрх ашгийн зөрчил үүссэн байж болзошгүй гэж , хардаж байна. Шугам нэмэгдэхийн цаана олон асуудал хөндөгдөнө. Орон нутгийн хол замд тээвэр хийнэ гэдэг бол маш хариуцлагатай ажил. Ялангуяа, баруун аймгууд руу явахад даваа гүвээ ихтэй, цас их унадаг, өвөлдөө хүйтэн.

Ийм хэцүү нөхцөлд туршлагагүй жолоочид явна гэдэг нь маш эрсдэлтэй. Олон хүний амь нас хариуцаж байгаа чухал тээвэрлэлтэд хайнга хандаж болохгүй. Үүнийг зарим хүмүүс мөнгө болгож хараад байх шиг байна. Дээр нь үйлчилгээнд явж байгаа компаниудтай зөвшилцөхгүй, зорчигчийг судалгаагүй шууд л компани нэмээд оруулчхаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл" гэв.

Харин “Ховд” зорчигч тээврийн жолооч Х.Энх-Амар “Ховд-Улаанбаатар чиглэлийн орон нутгийг хариуцан явуулдаг. Манайх долоо хоногийн гурван өдөр 20 автобусаар 45 жолоочтой үйлчилгээгээ хүргэж байна. Өглөөний 10:00 цаг болон өдрийн 13:00 цагаас хоёр удаагийн давтамжтай явдаг.

Цагаан cap болон оюутнууд амрах үеэр л суудал дүүргэлт сайтай. Жирийн өдрүүдэд суудал хангалттай дүүрч чаддаггүй. Хоёр гуравхан хүнтэй хөдлөх үе хүртэл байдаг. Тиймээс одоохондоо цагийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Хүний урсгал хөдөлгөөн нэмэгдсэн ч бид тээвэрлэлтээ нэмэгдүүлээд жигд үргэлжлүүлэх боломж байгаа” гэсэн юм.

“Лотот” ХХК-ийн жолооч Г.Эрдэнэ-Очир “Өвөрхангай аймгийн чиглэлд өнгөрсөн жил ямар ч шалгуур үзүүлэлтгүй түрээсийн баазтай нэг компани нэмчихсэн. Биднийг өөрийн баазаа байгуулах ёстой гэж шахаж, шаарддаг хэр нь хэлж ярьж байгаагаас эсрэг үйлдэл хийж байгаа нь Авто тээврийн үндэсний төв өөрөө шүү дээ.

Манай аймгийн чиглэлд хоёр компани үйлчилж байсныг нэмэгдүүлж дөрөв болгосон. Нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг боловч, хуучин үйлчилгээ үзүүлж байгаа компаниудыг шахаж хавчсан үйлчилгээ үзүүлээд байна. Манайх 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, эхэлсэн.

26 тээврийн хэрэгсэлтэй. Бид нар сөрөг тээвэрлэлтийг багасгаж, нийтийн тээврийн үйлчилгээг аюулгүй болгохоор ажиллаж байгаа.

Давтамжаа нэмэгдүүлж явуулсаар байхад дахин нэмж байгаа нь ямар ч тооцоо судалгаагүй үйлдэл гэдэг нь харагдаж байна. Улаанбаатар хотоос 130 км зайтай газар хоёр цагийн зайтай нийтийн тээвэр үйлчилж байна. Энэ нь тээвэрлэлтийг ямар ч үр ашиггүй болгож байна” гэв.

Уг асуудлыг Авто тээврийн үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан Б.Батцэцэгээс тодруулж цөөн асуултад хариулт авлаа.

-Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цагийн давтамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой аж ахуйн нэгжүүд эсэргүүцэл илэрхийлээд байна. Тухайн байгууллагууд цагийн давтамжаа өөрсдөө нэмэгдүүлэх боломжгүй юу?

-Авто тээврийн үндэсний төв нь нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх стандартын дагуу аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж хамтран ажилладаг. Уг гэрээнд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа байгууллага нь иргэдийн аюулгүй байдлыг хангасан, тав тухтай тээвэрлэлт үйлчилгээг үзүүлэх ёстой гэж заасан байдаг.

Байгуулсан гэрээгээ мөрдөж байгаа эсэхийг манайхаас хянаж, улирал тутамд  дүгнэдэг. Хангалттай үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдтэй бид хамтарч ажиллах гэрээгээ сунгана.

Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, шаардлага хангасан дараагийн аж ахуйн нэгжийг оруулж ирэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, осол, зөрчил гаргасан, иргэдээс гомдол санал ирүүлсэн, үйлчилгээгээ найдваргүй хүргэсэн аж ахуйн нэгжийг цагийн давтамжид ахин сонгодоггүй.

Гэтэл хувийн компаниуд өрсөлдөөний эрх ашгаа бодож, үүнийгээ эсэргүүцээд байгаа юм. Үүний цаана олон хүний амь нас бий.

-Эдгээр аж ахуйн нэгжүүд цагийн давтамж нэмэхдээ зөвшилцөөгүй гэсэн асуудлыг хэлж байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Манай байгууллагаас тээвэрлэлтийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон тохиолдолд ажлын хэсэг байгуулагдаад аж ахуйн нэгжийг хамруулсан сонсгол зохион байгуулдаг.

 Тухайн аж ахуйн нэгжийг шаардлага хангаж байгаа бол цагийн давтамжаа нэмж болно. Шаардлага хангаагүй бол зөрчил, саатлын мэдээг өгч, дараагийн аж ахуйн нэгжийг оруулах талаар мэдэгдэл хүргүүлдэг.

Зураг