Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захиргаа хотынхоо унасан нэр хүндийг сэргээхээр PR команиудад хандсан ч хүлээж аваагүй гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Бүтэн зуны турш үймээн самуунтай байснаас дэлхийн томоохон санхүүгийн төв болох Хонг Конгийн нэр хүнд ихээр унаад байгаа.

Тус хотын хууль тогтоогчид гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төсөл хэлэлцэж эхэлснийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл ийм байдалд хүргэсэн юм.

Иргэдийн тэмцлийг зохицуулах аргаа олохгүй байгаа Хонг Конгийн захирагч Кэрри Лам болон түүний засаг захиргаа шүүмжлэлийн бай болж байна.

Тэгвэл тус хотын эрх баригчид унасан нэр хүндээ сэргээхийн тулд дэлхийд нэр хүндтэй найман PR компанид хамтарч ажиллах санал тавьснаас аль нь ч хүлээж аваагүй тухай өчигдөр Кэрри Лам мэдээлжээ.

Хандсан компаниуд Хонг Конгийн нэр хүндийг сэргээх ажил явуулахад “хэтэрхий эрт” байгааг илэрхийлээд саналыг хүлээж аваагүй гэнэ.

“Бид олон улсын PR компаниудаас тусламж хүсэх санаачилга гаргасан. Гэвч манай хотод нийгмийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, вандализм арилаагүй байгаа тул ийм ажиллагаа явуулахад цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэсэн хариу өглөө. Одоохондоо Хонг Конгийн нэр хүндийг сэргээхэд төсвийн хөрөнгийг зарцуулах нь оновчтой арга зам биш байж болно. Гэхдээ Хонг Конгийн ирээдүйд би итгэлтэй байгаа тул эрт, орой хэзээ нэг цагт ийм ажил зохион байгуулна” гэж Кэрри Лам сэтгүүлчдэд мэдэгджээ.

Иргэдийн эсэргүүцэж байсан хуулийн төслийг Хонг Конгийн засаг захиргаа өнгөрсөн сард бүрмөсөн буцааж татсан ч иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа юм.

 

Эх сурвалж: BBC