Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын усан хилд гарсан мөргөлдөөний дараа Умард Солонгосын 80 иргэнийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Япон тэнгисийн Оросын харьяаны бүсэд орж ирсэн Умард Солонгосын загас агнуурын хөлгийн багтай хил хамгаалагчид тулгарсан байна.

Энэ үеэр Оросын хил хамгаалалтын гурван алба хаагч бэртэж гэмтсэн тухай албаныхан мэдээлжээ. Умард Солонгосын загас агнуурын хоёр хөлөг, 11 моторт завь ОХУ-ын усан хилд нэвтэрснийг саатуулах үеэр уг мөргөлдөөн болсон байна.

Үүний улмаас Умард Солонгосын 80 иргэнийг баривчлан хорьсон тухай ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба мэдээлжээ.

Болсон явдлын талаар ОХУ-ын гадаад хэргийн яам Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн газарт эсэргүүцэл илэрхийлэхээр болсон байна.

Алс дорнодын усан хилд Оросын хил хамгаалах албаныхан Умард Солонгосын хууль бус загасчдыг саатуулах явдал түгээмэл байдаг.

Тэдний заримд шоронд хорих шийтгэл оноодог байна.

Өнгөрсөн долдугаар сард Умард Солонгосын тал 15 хүнтэй Оросын загас агнуурын хөлгийг саатуулснаа суллаж байв.

Япон тэнгис буюу Зүүн тэнгис нь ОХУ, Умард ба Өмнөд Солонгос, Япон улсуудаар хүрээлэгддэг бөгөөд эдгээр улсуудын хооронд хууль бус загас агнууртай холбоотой зөрчил маргаан байнга гардаг юм.

 

Эх сурвалж: AFP