Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк мужид электрон тамхины худалдааг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью Йорк мужийн захиргаа төрөл бүрийн амт оруулсан электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ.

Мужийн захирагч Эндрью Куомо “Электрон тамхи бол олон сая залуусыг багаас нь никотинд донтуулдаг аюултай зүйл юм” гэж хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тус мужид залуучуудын голдуу дурладаг төрөл бүрийн жимсний амттай электрон тамхийг хориглож байгаа ажээ. Харин гаатай болон энгийн тамхины амттай бүтээгдэхүүнүүдийг хориглоогүй байна.

Эдгээрийг насанд хүрэгчид голдуу хэрэглэдэг гэж үндэслэлдээ тайлбарлажээ.

Одоогийн байдлаар АНУ даяар 400 гаруй хүн электрон тамхинаас үүдэлтэй үл мэдэгдэх уушгины өвчин тусаад байгаа бөгөөд тэдгээрээс зургаа нь амиа алдаад байгаа юм. Эрдэмтэд ийм бүтээгдэхүүн ямар замаар хүний уушгинд өвчин үүсгэж байгааг судалж байна.

Анх зах зээлд гарсан цагаас нь хойш электрон тамхи хортой, хоргүй гэсэн маргаан судлаачдын дунд үргэлжилж байгаа.

Уг бүтээгдэхүүнийг дэмжигчид нь энгийн тамхинаас хор багатай, тамхинаас гарахад тусалдаг гэж тайлбарладаг. Ийм ойлголт Европт илүү хүчтэй тарсан байна.

АНУ-ын мужуудаас Мичиган энэ сарын эхээр электрон тамхины худалдааг хориглосон анхны муж болсон. Одоогоор Калифорни, Массачусетс мужууд хориглох тухай судалж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон АНУ даяар тусгай амт үнэр оруулсан электрон тамхийг хориглох санал боловсруулсан талаараа мэдээлж байв. Уг саналыг ойрын үед Конгрессоор хэлэлцүүлэх гэж байна.

Америкийн Уушгины Холбоо өчигдөр зарласан Нью Йорк мужийн хоригийг хангалтгүй хэмээн шүүмжилжээ.

Дунд сургуулийн сурагчдын дунд түгээмэл хэрэглээ болсон гааны амт бүхий электрон тамхийг хоригт оруулаагүй нь алдаатай шийдвэр болсон гэж тус холбооны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg