Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч газар нутгийн нэрийг буруу бичсэн төрийн байгууллагуудыг шийтгэх даалгавар өгөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Япон улстай маргаантай байдаг газар нутгийн нэрийг буруу бичиж, хэрэглэсэн төрийн байгууллагуудад сахилгын арга хэмжээ авах чиглэлийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнөөдөр холбогдох албаныханд өгчээ.

Хоёр орны дунд орших тэнгисийг Өмнөд Солонгост албан ёсоор Зүүн Тэнгис гэж нэрлэдэг. Харин Япон улс үүнийг Япон тэнгис гэж нэрлэдэг юм.

Өмнөд Солонгосын эрх баригчид өөрийн өгсөн нэрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхээр идэвхтэй ажилладаг.

Тэгвэл тус улсын Хөдөө Аж Ахуй, Хүнс, Орон нутгийн асуудал хариуцсан яамны гурван агентлаг өөрийн вэб хуудасны солонгос болон англи хэлний хувилбарууд дээр Зүүн Тэнгисийг “Япон Тэнгис” хэмээн бичсэн байжээ.

Мөн эдгээр байгууллагууд Зүүн Тэнгист орших газар нутгийн маргаантай Докдо арлыг “Лианкуртын хад” гэж нэрлэсэн байсныг илрүүлсэн гэнэ.

Докдо арлыг Япон улс Такешима гэж нэрлэдэг. Харин Лианкуртын хад гэсэн нэр нь 1849 онд Францын халим агнуурын “Лианкурт” хөлөг энд хад мөргөж живснээс үүдэлтэй бий болсон албан бус нэр ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News