Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд зориулж Британи дахь Монголчуудын клуб хандивын гүйлт зохион байгуулжээ

ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Британи дахь Монголчуудын "Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн хамт олон сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандивын гүйлтийг энэ сарын 15-ны өдөр Лондон хотын алдарт "Richmond" паркд зохион байгуулжээ. 

Гүйгчдийн клуб нь байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн олон нийтийн хандив босгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод байгаа билээ. Жишээлбэл, жил бүр  Англи улсад зохиогддог хавдрын эсрэг “Cancer Research UK London Winter Run” олон нийтийн хандивын гүйлтийн арга хэмжээ болон Монголын залуу малчдыг дэмжих хөтөлбөрийн хандивын гүйлт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож хандив цуглуулж байсан. Мөн клубийн гишүүд Британи улсад зохиогддог урт холын  зайн гүйлтийн тэмцээнүүдэд тогтмол идэвхитэй оролцож, Монголынхоо нэрийг гаргахыг хичээдэг байна.

 
 

Харин энэ удаагийн хандивын гүйлт нь сэтгүүлч Уянгын эмчилгээний зардалд бага ч болтугай хувь нэмэр болох  үүднээс зохиогдсон бөгөөд Лондон, Манчестер,  Кембридж хотуудад амьдарч буй гүйгчид дэмжин оролцож нийт £525 фунт стерлинг буюу  ойролцоогоор 1,600,000 орчим төгрөгийн хандив цуглуулжээ. Арга хэмжээнд Монгол Улсын соёлын элч, төрийн туульч, МУСГЗ Э.Баатаржав хүрэлцэн ирж ерөөл айлдсан аж.   

Мөн бусад улс оронд оршин суугаа Монголчуудыгаа сэтгүүлч Уянгын эмчилгээний зардалд зориулсан хандивын аянд нэгдэхийг уриалж байгаагаа илэрхийлжээ.