Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа

М.Тунгалаг, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг

Хятад, Монголын хамтарсан гурав дахь үзэсгэлэнгийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө.

“Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хамтран эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг танилцуулах, талууд гарын үсэг зурах ёслол, уулзалт зохион байгууллаа.

Уг олон улсын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 53 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төсөл болон 43 аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны 56 төслийг тус тус танилцуулсан.

Эдгээр нь хөдөө аж ахуй, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн болон нийгэмд чиглэсэн байснаас хоёр орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын бүтээн байгуулалтын төсөл байлаа.

Энэхүү шинэ хотын төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтарсан оролцоотой хэрэгжих бөгөөд хувийн хэвшлийн төлөөлөл болох “Моодун Хаан Групп” ХХК болон БНХАУ-ын “Zhejiang China Basic Holding Group”-ийн удирдлагууд дагуул хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх анхны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хотын дэд бүтэц, барилгажилт, аялал жуулчлалын чиглэлээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт тусгагдсан байна.

Дагуул хотыг олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болгох, олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү төслийн хүрээнд 30 мянган айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 620 хүүхдийн цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг барих ба 5,000 ажлын байр бий болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

Зураг