Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга аа, усанд автсан иргэдээ аврахгүй юм уу

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Булаг ундарч, айлууд усан дунд амьдарч байна гэсэн мэдээллийн мөрөөр бид Сүхбаатар дүүргийн XIII хороог зорилоо.

Энд Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх засмал зам тавьж байгаа. Замын хажуугаар ус урсаж, шавар шавхай нь зууралдан хүн амьдрах битгий хэл явах аргагүй болоод уджээ.

Ашиглалтад хараахан ороогүй замыг даган алхсаар усанд автсан айлуудын захад хүрэв. Биднийг усны гуталтай, шавар шавхай болсон хувцастай, зэвхий хөх царайтай, ядарч туйлдсан нь илт эмэгтэйчүүд угтсан юм. Тэд олон хоног усанд амьдарч байгаагаа учирлан, бухимдаж, хөршүүдээ дуудав.

Хүүхэд тэвэрсэн нэгэн эмэгтэй “Булгийн ус задарч cap шахуу болсон ч хороо, дүүргээс авч хэрэгжүүлж байгаа ажил байхгүй. Манайх руу орсон ус энэ хавьдаа гайгүй нь. Хөлийн шагайгаар татсан устай гэрт амьдарч байна.

Манайхаас дээшээ айлууд өвдгөөр татсан усан дунд амьдарч байгаа” гэв. Ингээд заасан зүг рүүгээ дагуулан явсаар 60 гаруй настай, ганцаараа амьдрах нэгэн эмээгийнд хүргэв. Энэ хашааг зам дээрээс харахад л шилбээр татсан ус тогтсон байлаа. Гэр лүү нь очиход эмээ 20 литрийн будгийн саваар байшингийнхаа усыг зөөж, гаднаа асгаж байсан юм. “Ямар үйлийн үртэй юм бэ” хэмээн халаглах эмээг харахад нүд халтирам.

5х4 хэмжээтэй байшингийнхаа баруун хойд хэсэгт эд хогшлоо хураасан байна. Модон шалан дээр нь гишгэхэд хотолзож, завсраар нь ус мэлтийнэ. Үүднийх нь амбаарт тогтсон ус усны гутлынх нь түрийгээр татаж байв. Хашааны хаалганаас гэрийн үүд хүртэл мод, тоосго өрсөн замаар тогтож ядан хойд эгнээний айлууд руу орлоо. Энд өрх толгойлсон зургаан хүүхэдтэй эмэгтэй таван ханатай жижгэвтэр гэрт амьдарч байлаа.

Гадуурх нь ундуй сундуй, болж шаварт хутгалдсан хүүхдийн тоглоом хаа сайгүй дэлгээстэй. Эсгий гэрийнх нь туурга ялзарч, захаасаа урагдсан байв. Нүхэн жорлон нь эргээрээ хальсан, тогтсон усанд нь өт хорхой арвалзсан дүр төрх угтах нь тэр ээ.

Хальсан ус нь бохиртойгоо хутгалдан, хашаа хороогоор нь ялгадас урссан энэ газарт иргэд cap шахам амьдарч байхад нэг ч удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй гэнэ. Саяхнаас хүүхдүүдийн нүүр, гараар тууралт гарч, нохой, муур олноороо үхэх болсон гэнэ.

Харахад л огиудас хүрэм энэ газарт эрүүл амьдрах тухай саналтгүй нь тодорхой. Ийм байдалтай 11 хэсгийн 25 гудамжны 70 гаруй айл энд байгаа аж. Чадалтай нэгэн нь 450 мянган төгрөгөөр ус соруулах мотор, 60-120 мянган төгрөгөөр 40-50 метр шаланк авч өдөржин усаа соруулдаг. Бололцоо муутай нь усаа хувин саваар зөөж дундалж байгаа нь энэ.

Есдүгээр гудамжны гурав дахь эгнээний айлууд руу орохоор хашааны хаалга онгойлгон гишгэтэл, шаахай минь далдарч, шилбэ хүртлээ шаварт зоогдов. Энэ хэсэгт шороо овоолж, урссан устайгаа зууралдаж машин битгий хэл хүн явах аргагүй байв. Овоолсон шорооноос айлууд усны тэргээрээ зөөн, хашаа руугаа дааж ядан оруулж байлаа.

Хотын төвөөс хоёрхон километрийн зайтай, “А” зэрэглэлийн бүсэд иргэд баас, шээстэйгээ хутгалдан амьдарч байгаа нь эмгэнэлтэй. Тэд усан дунд амьдрах шалтгаанаа шинээр баригдаж буй замын ажилтай холбон тайлбарласан юм.

Өмнөх жилүүдэд булаг задарч ус гардаг байсан ч, ингэтлээ дордож байгаагүй. Булгийн ус татсан шуудуугаар урсаж, сэлбэ голтой нийлдэг байсан. Гэтэл энэ жил замын ажил хийгдэж, булгийн урсгалыг хааснаар ус нь буцаж, айлууд руу орсон гэлээ.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 28-наас айлууд руу ус орж, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газарт дуудлага өгсөн ч хоёр цаг орчим усыг нь соруулж байгаад шатахуун нь дуусаад буцжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа дуудлага өгсөн ч мөн л ус ихтэй айлууд руу шаланк хүрэхгүй, хүчин чадал хүрэхгүй гээд хоёр айлын ус соруулаад буцдаг байна.

Дүүрэг, Нийслэлийн удирдлагуудад айл, өрхүүд усанд автсан гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч хоёр машин шороо өгснөөс өөр хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй хэмээн иргэд бухимдаж байлаа.

Долоон тэрбумын хөрөнгө оруулалтай, 1.6 километр урттай, хоёр эгнээтэй уг замын ажил дуусах дөхжээ. Явган хүний замын ажил эхэлсэн, гэрэлтүүлэг хийгдэх л дутуу харагдав. Анхаарал татсан нэг асуудал нь уг замд нэг ширхэг ч явган хүний гарц байхгүй, далангийн хамгаалалтгүй, хурд сааруулагчгүй байв. Тухайн замын ажлыг гүйцэтгэж буй ажлын албаныхан энэ үеэр байхгүй байсан юм.

Иргэдийн мэдээлж буйгаар уг зам зураг төслийнхөө дагуу хийгдээгүй, ус зайлуулах хоолойгоо буруу газар хийсэн. Мөн 2018 онд ашиглалтад орох байсан ч газрын маргаанаас болж замын ажил саатсан аж. Бүрэн дуусгаагүй замаа өнгөрсөн сард нээх гэж байсныг иргэд эсэргүүцэж, холбогдох албан газарт мэдээлснээр Замын цагдаагийн албанаас “Шаардлага хангаагүй” хэмээн хүлээн аваагүй байна.

Дарь эхийн баруун тал, Хайлааст 17-ийн зүүн хэсэг, Сэлбэ голын эрэг дагаад энэ айлууд бий. Нам дор байрлалтай, голын ойр орчимд тул намаг ихтэй.Биднийг явах үеэр сургууль, цэцэрлэг тарах цаг болсон юм.

Гэтэл хүүхдүүд өөрсдөө гүйгээд гэртээ орж болохооргүй ус шалбаагтай тул зам дээр зогсон эцэг, эхээ хүлээнэ. Өдөржин устай ноцолдож, ядарсан хүмүүс зам дээрээс хүүхдүүдээ үүрээд гэр гэр лүүгээ явцгаана. Ажлын таван өдөр хүүхдүүд ихэнх цагаа сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрөөчихнө. Харин амралтын өдрүүдээр энэ бохир орчинд хүүхдүүдээ хэрхэн байлгах талаар дэмий л санаа зовдог гэв.

Ихэнх тохиолдолд ах дүү, хамаатан садных руугаа явуулдаг ч, очих газаргүй нь өдөр шөнөгүй усаа зөөж, өдрийг гадаа өнгөрүүлж байна. Айлуудын эсгий, туурга нь ялзарч, байшингийн доод хэсэг нь нэлэнхүйдээ мөөгөнцөрт идүүлжээ.

Иргэдтэй уулзаж байх үеэр тус хорооны Засаг дарга Я.Аюурсэд ирсэн юм. Тэрбээр, “Айлууд руу ус орж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн сарын 28-нд Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир , Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр нар газар дээр нь ирсэн.

Нөхцөл байдалтай танилцаж, зам дагуу шуудуу татаж, шороо асгасан.Одоо бол дүүргийн Засаг дарга байхгүй. Хөрөнгө хүч шийдэх боломжгүй байна. Иймд ирэх даваа гариг хүртэл турбо тавьж, шуудуу татаад аргалж байя гэсэн.

Хорооны зүгээс зохих арга хэмжээгээ авч, дээд газруудад мэдэгдсэн. Хороонд хөрөнгө мөнгө байхгүй. Дүүргээс гаргаж өгсөн экскаватор, зам тавьсан компанийн машинаар л энд шороо асгуулж байгаа. Замыг анх тавьж эхлэхэд би булаг гардаг, газрыг хааж болохгүй гэж хэлсэн. Гэтэл холбогдох хүмүүс н замын ажлыг гүйцэтгэж байгаа газраас, бид мэдэхгүй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ханд гэсэн” гэв.

Хайлааст Дарь-Эхийг холбосон уг замыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын Газрын захиалгаар “Мотор сервис” компани гүйцэтгэж байгаа. Замын ажил эхэлсэн даруйд тус хорооны зүгээс суваг шуудууг сэргээн засварлах тухай “11 тоот” албан бичгийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн байна.

Мөн 2019 оны тавдугаар сарын 14-нд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт “Хайлааст Дарь-Эхийг холбосон энэ зам нь ус зайлуулах хоолой байхгүй тул айлууд усанд автах эрсдэлтэй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн 10 иргэний гарын үсэг бүхий хүсэлт явуулжээ.

Эдгээр албан бичгийн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй гэж, хорооны нийгмийн ажилтан хэлсэн. Айлууд үерт автаж, нөхцөл байдал хүндэрсэн тухай “59 тоот” албан бичгийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд есдүгээр сарын 5-нд хүргүүлсэн ч мөн асуудлыг шийдвэрлэлгүй өдийг хүрчээ. Уг албан бичигт “Хайлааст Дарь-Эхийг холбосон авто зам нь иргэдийн аюулгүй амьдрах орчинд хүндрэл учруулж, өвчлөл үүсгэх сөрөг үр дагавартай байна” хэмээн тусгасан байна.

Хорооны эрх мэдэл энд хүрээд дуусжээ.Тиймээс хориод хоног шавар шавхай, бохир усан дунд амьдарч байгаа иргэдийн байдлыг хэрхэх тухай тодруулахаар Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газарт очсон боловч дүүргийн Засаг дарга Х.Болормаа өвчтэй байлаа. Түүнийг орлож байгаа Ц.Шижир болон холбогдох албаныхан ч ажлын байрандаа байсангүй. Тодруулбал, “Ардчиллын баяр” тохиож тус дүүргээс зохион байгуулалтын ажлыг хариуцаж байгаа тул эзгүй байв.

Зураг