Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын стратегийн нөөцөөс зах зээлд газрын тос нийлүүлэх шийдвэр гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын газрын тосны байгууламж халдлагад өртөж, дэлхий дахины зах зээлийн нийлүүлэлт буурах болоод байна.

Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өнөөдөр огцом өссөн юм. Тэгвэл энэ дутагдлыг нөхөж, зах зээлийг тогтворжуулах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа стратегийн нөөцөөс газрын тос нийлүүлэх шийдвэрийг саяхан гаргалаа.

“Саудын Арабт гарсан халдлага газрын тосны үнэ ханшид нөлөөлж байгаа тул би стратегийн нөөцөөс тодорхой хэмжээгээр зах зээлд нийлүүлэх эрхийг өгч байна” гэж тэр твиттер хуудсандаа мэдэгджээ.

Бямба гарагийн өглөө Саудын Арабын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болон улсдаа хоёрт ордог олборлолтын талбайд агаарын халдлага гарсан юм.

Эхэндээ Йемений босогчид тэсрэх бөмбөг бүхий дроноор халдлага үйлдсэнээ хүлээгээд байв. Харин АНУ-ын тал халдлагыг Иран улс далавчит пуужингаар үйлдсэн гэж сүүлд тодорхойлоод байна.

Ираны эрх баригчид үүнийг үгүйсгэсэн ч шаардлагатай бол дайн хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP