Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Италийн урлаач Маурицио Кателланы бүтээл болох 18 каратын цул алтан жорлонгийн суултуурыг өчигдөр Британи дахь музейгээс хулгайд алджээ.

Суултуурыг Британийн Оксфорд гүнлэгийн Блэнхэйм ордонд байрлуулж, энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн олон нийтэд үзүүлж эхэлсэн юм.

Бүрэн ажиллагаатай суултуурыг сантехникийн системд холбосон байснаас хулгайлагдсаны дараа ус алдаж, ордонд багагүй хохирол учруулсан гэнэ.

Суултуурыг хулгайлахад хоёр автомашинтай бүлэг хүмүүс оролцсон гэж мөрдөгчид дүгнэжээ. Одоогоор хэрэгт холбогдуулан 66 настай нэг эрэгтэйг баривчлаад шалгаж байгааг мэдээлсэн байна.

Юнескогийн дэлхийн соёлын өвд багтдаг Блэнхэйм ордон Бямба гарагт хаалгаа барьжээ. Энэ ордонд Английн Марлбороу гүнгийн удмынхан амьдардаг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль энд мэндэлж байсан юм.

“America” нэртэй алтан суултуурыг Маурицио Кателлан Америкийн нийгмийн тэгш бус байдлыг харуулах зорилгоор бүтээжээ. 2016 онд анх Нью Йоркийн Гугенхаймын музейд тавьж, олон нийтэд үзүүлж байв. 

2017 онд Дональд Трампын Цагаан ордны захиргаа тус музейгээс Винсент Ван Гогийн 1888 онд бүтээсэн уран зургийг зээлээр авах хүсэлт тавихад музейн захиргаа оронд нь “America” алтан суултуурыг авахыг санал болгосон тухай мэдээ хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ.

Гэвч Цагаан ордон энэ саналаас татгалзсан гэдэг. Аравдугаар сарын 27-ныг хүртэл Британид үзүүлэхээр төлөвлөж байсан алтан суултуурын үнийг $5 сая гэж тооцоолсон байна.

 

Эх сурвалж: BBC