Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Нисэх, Яармаг орчимд гол, туслах зам гээд нийт 30 километр замын трасс гаргахаар боллоо"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хотын ерөнхий, мастер төлөвлөгөөний дагуу Богд уулын арын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын газрыг чөлөөлж, зам гаргах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 

Нисэх, Яармаг орчимд 13 км зургаан эгнээтэй нэгдүгээр зэргийн гол зам гаргана
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Түмэн-Од "Нисэх, Яармаг орчинд барилгажилт, газар олголт ихсэж байгаатай холбоотойгоор орц, гарцын асуудлыг шийдэх, авто замын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж гаргах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Өгсөн үүргийн дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллалаа.

Холбогдох тогтоолууд батлагдсаны дагуу Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж авто замын гол трассуудыг эхний ээлжид гаргана. Өөрөөр хэлбэл, 13 км зургаан эгнээтэй нэгдүгээр зэргийн гол зам гаргах, туслах гудамж замыг гаргах гэх мэт нийт 30 гаруй км авто замын трасс гаргахаар болоод байна.

Авто замын трасст өртөж буй 116 аж ахуйн нэгжийн газар байгаа тул холбогдох газруудтай нь зөвшилцөж газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай болсон" гэв. 

 Богд уулын араар газар авсан аж ахуйн нэгжүүд бидний ажлыг дэмжиж, ойлголцож ажиллахыг хүсэж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Улаанбаатар хот Нисэх, Яармагийн бүс рүү тэлж буй тул тэр хавийн замын асуудлыг төлөвлөгөөний дагуу шийдэхгүй бол төлөвлөлтгүй барилга, газар олголтыг зориулалтын бусаар ашигладаг байдал үргэлжилнэ. Богд уулын араар баригдаж буй барилга байгууламжийн ойролцоо туслах, гол зам байдаггүй учраас иргэд Наадамчдын зам, Нисэхийн зам руу орж, бүр цаашлаад хууль бусаар орц, гарц гаргаж хөдөлгөөний аюулгүй байдал үүсгэдэг.

Тиймээс Богд уулын араар газар авсан аж ахуйн нэгжүүд бидний ажлыг дэмжиж, ойлголцож ажиллахыг хүсэж байна" гэлээ. 

  ААН-үүдийн газраас 1,000 метр квадратаас 1 га хүртэлх газар л трасст өртөж байгаа
 
Гэрэл зургийг MPA.mn

Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн н.Ганзоригт "Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хийж буй замын бүтээн байгуулалтын ажил Богдхан уулын дархан цаазат газар буюу Энхтайваны ам, Барцдын ам, Нүхтийн ам, Ташгайн амыг дайруулсан. 

Төлөвлөлтийн дагуу ААН-үүдийн газраас 1,000 метр квадратаас 1 га хүртэлх газар л трасст өртөж байгаа. Газар нь бүхэлдээ хамрагдсан ААН байхгүй. Зам дагуух барилгууд нь бүтэн барилгажаагүй тул аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, чөлөөлөх бололцоотой гэж үзэж байна" гэв.