Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улсын засгийн газар АНУ-д амьдарч байгаа иргэнийхээ сургийг гаргаж өгөхийг Интерполоос хүсэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова

Энэ долоо хоногийн эхээр CNN агентлаг 2017 онд АНУ-ын тагнуулын төв газар Оросын засгийн газарт ажиладаг өөрийн мэдээлэгчийг татаж авсан гэх баримтыг дэлгэсэн юм.

Оросуудтай холбоотой гэж сэжиглэгддэг Дональд Трамп ерөнхийлөгч болсноор мэдээлэгч нь илрэх аюултай болсон тул ийм арга хэмжээ авсан гэж эх сурвалж өгүүлжээ.

CNN-ийн уг мэдээг Цагаан ордон ор үндэсгүй зүйл хэмээн няцааж байв. Удалгүй хэвлэлүүд Кремльд ажиллаж байгаад АНУ-д татагдаж ирсэн мэдээлэгчийг хэн болох, одоо хаана амьдарч байгаа зэргийг судалж ил болгосон юм.

Тэдний үзэж байгаагаар АНУ дахь Оросын элчин сайдын яам, дараа нь ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан Олег Смоленков дээрх мэдээнд дурдагдсан хүн ажээ. 2017 онд гэр бүлийн хамт Монтенегрод амарч яваад сураггүй болсон түүнийг одоо Вашингтоны ойролцоо амьдарч байгааг мэдээлсэн юм.

Тухайн үед Оросын тал Смоленковыг бусдын гарт алагдсан гэж сэжиглээд мөрдөж байсан ч сүүлд гадаадад амьд байгаа гэж дүгнээд хэргийг хаасан гэдэг.

Тэгвэл ОХУ-ын засгийн газар хэвлэлд гарсан мэдээллийн дагуу сураггүй алга болсон Олег Смоленковын талаар мэдээлэл цуглуулж өгөх хүсэлтийг Интерполд албан ёсоор тавьсан тухай өчигдөр тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.

“Хоёр жилийн дараа Америкийн хэвлэлүүд түүнийг АНУ-д амьдарч байгаа тухай мэдээллээ. Тиймээс уг асуудлыг зохих хууль дүрмийн дагуу шалгаж, тогтоох нь зөв” гэж тэр ярьсан байна.

Үүнээс гадна Захарова CNN агентлагийн тараасан мэдээллийг АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндийг унагах зорилготой, улс төрийн суртал нэвтрүүлэг гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

“Хэрвээ тагнуулын төв газрын мэдээлэгч Оросын засгийн газарт эртнээс ажиллаж байсан нь үнэн бол тэр Обамагийн засаг захиргааны үеэс эхлэн ажилласан байх ёстой. Гэтэл CNN суваг одоогийн ерөнхийлөгчийг буруутгах зорилготой байгаа нь илэрхий байна. CNN өөрийн мэдээллийг нягтлан шалгах нь зөв гэж бид үзэж байна” гэж тэр ярьсан юм.

 

Эх сурвалж: ТАСС