Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэйн гүйцэтгэх захирал өрнөдийн компаниудад онцгой санал тавьжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рэн Жэнпэй өчигдөр “The Economist”, “New York Times” хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө нэгэн онцгой саналыг өрнөдийн компаниудад тавьжээ.

Тэрээр өөрийн компанийн бий болгосон 5G технологийг АНУ, Европын компаниудад зарах тухай ярьсан байна. Өөрөөр хэлбэл худалдаж авсан компани нь Хуавэйн технологийн гүнд нэвтэрч, хэрхэн ажилладгийг нь үзэж танилцаж, өөрчлөх ч боломжтой болно.

Хуавэй компанийг 5G сүлжээний төхөөрөмждөө тагнуулын систем суулгаж, Хятадын засгийн газартай хамтран ажилладаг гэж өрнөдийн орнууд сэжиглэж байгаа.

Одоогоор АНУ, Австрали улсууд 5G сүлжээнд шилжихдээ Хуавэй компанийн технологийг ашиглахгүй байх шийдвэр гаргасан. Өрнөдийн бусад улс орнууд ингэж хориглох эсэхээ эцэслэн шийдээгүй байна.

“Хуавэй өөрийн 5G технологи, мэдлэг, нөү хаугаа АНУ-ын компаниудтай хуваалцахад бэлэн байна. Үүнийг ашиглаад тэд өөрсдийн 5G технологийг хөгжүүлж болно. Ингэвэл Хятад, АНУ, Европын хооронд итгэлцэл бий болно” гэж Рэн Жэнпэй ярьжээ.

Ярилцлага нийтлэгдсэний дараа Хуавэй компанийн төлөөлөгч үүсгэн байгуулагчийнхаа тавьсан саналыг “үнэн, бодитой” болохыг баталсан байна.

Одоогоор Хуавэй компанитай 5G технологиор гол өрсөлдөгчид нь Европын Нокиа, Эрикссон компаниуд юм. АНУ-ын компаниуд 5G сүлжээнд ажилладаг төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг ч дэд бүтэц тал дээр хоцорч яваа.

Хэрвээ аль нэг компани дээрх саналыг хүлээж авбал Хуавэй компанид нэг удаагийн төлбөр төлөөд өөрийн бэлэн технологитой болно гэсэн үг. Нөгөө талаар Хуавэй компани АНУ болон Европын эрх баригчдын итгэлийг олж, бизнест нь саад бэрхшээлгүй болох юм.

Жишээ нь тус компанийн гар утаснууд Google-ийн Андроид систем, YouTube, Play Store аппликэйшнүүдийг ашиглахад асуудал гарахгүй.

Үүнээс гадна Хуавэй компанийн 5G технологи дэлхий даяар өргөн тархаж, стандарт болно гэсэн үг юм. Ингэвэл тус компани маш олон гар утас, төхөөрөмж үйлдвэрлэгчдээс патентын төлбөр авдаг болно.

Гэхдээ нөгөө талаас Хуавэйн технологийг худалдаж авах компани олдох эсэх нь эргэлзээтэй гэж зарим ажиглагчид үзэж байна. “Нокиа, Эрикссон зэрэг өөрийн технологитой компаниуд Хуавэйгаас худалдаж авах магадлал бага. Америкийн компаниуд ч Хятадын технологийг өөрийнхөөсөө илүү гэж Трампын засаг захиргаанд итгүүлэхэд хэцүү юм. Худалдаж авахад мэдээж олон арван тэрбумыг зарцуулна. Маш хурдан хугацаанд хоцрогдож, дараагийн хувилбар нь бий болж байдаг технологийг ийм өндөр үнээр авахад хэцүү” гэж Лондон хотын SOAS их сургуулийн профессор Стив Цан ярьж байна.

 

Эх сурвалж: BBC