Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Бат-Эрдэнэ: Хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор "Гаалийн шинэчлэл"-ийг эхлүүлсэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр болсон билээ.

Энэ үеэр Гаалийн зөрчлийн талаар Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнээс тодруулсан юм.

-Хэдхэн хоногийн өмнө гаалийн байцаагч нар авилгын хэрэгт холбогдсон бичлэгүүдийг АТГ-аас дэлгэсэн. Гаалийн ажилчид авилгын хэрэгт холбогдох байдал одоо ямархуу хэмжээнд байгаа бол?

- Тэр бол 2016 онд буюу хоёр жилийн өмнө болсон үйл явдлын бичлэг. Гэхдээ нуулгүй хэлэхэд одоо бүх юм сайн сайхан болсон гэсэн үг биш.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим нэг шунал нь ихэдсэн хууль бус үйлдэл хийдэг нөхдүүдээс болж Гаалийн байгууллагын нэр төрд харшилсан үйл явдал болж байгаа нь харамсалтай.

Манай улсад 1,500 орчим Гаальчид байна. Тэдгээр дотор янз бүрийн зөрчил гаргадаг хүмүүс бий бөгөөд тэд зөрчил гаргах тохиолдол одоо ч байсаар байгаа.

Энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас "Гаалийн шинэчлэл"-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Зөвхөн Замын-Үүдэд биш бүх хилийн боомтуудыг шинэчилнэ. Эхнийх нь Замын-Үүд боомт.

Шинэчлэл хийснээр орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулна.

- Тэгвэл гаалийн шинэчлэл хийгдсэнээр бүх зөрчлүүд арилна гэж ойлгож болох уу?

- Теле камерын хяналтаар хил дээр болж байгаа бүх үйл явцыг төв дээр хянах бүрэн боломжтой болох юм.

Мөн одоогийн байдлаар Монгол Улсын Гаалийн байгууллага нийт барааны эргэлтийн ердөө 3.3 хувийг л рентгенээр хянаж байна.

Үлдсэн 97.7 хувийг нь буулгаж нэг бүрчлэн шалгах маягаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин Гаалийн шинэчлэлээр хилээр орж гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь рентгенээр хянадаг болгосноор зөвхөн гадаад худалдаа эрхэлдэг хүмүүсээс эхлээд Гааль дотор байгаа хууль бус үйлдүүдийг таслан зогсоох боломж бүрдэнэ.

Мөн бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэж, үйл ажиллагааг нь хөнгөвчилнө.

Түүнээс гадна манай Гаалийн байгууллагад “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенци гэж бий.

Энгийн үгээр тайлбарлахад тэр нь импортоор орж ирсэн бүх бараа өөрийн гэсэн тусгай кодтой. Энэ бараа худалдааг тус кодтой уялдуулах ажил хийгдэж байгаа.

Сангийн яам болон Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлж эхэлнэ.

Ингэснээр хилээр орсон бүх бараа хяналтанд орно гэсэн үг.

Тухайлбал, Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн аливаа бараа бүтээгдэхүүн дэлгүүрт борлуулагдах үед гааль дээр бүртгэгдээгүй эсэх нь тодорхой болно.

Аливаа луйвар магадгүй Гаалийн байгуулалгад ажиллаж байгаа хууль бус үйлдэл хийдэг нөхдүүдийг, татвараас зайлсхийх гэсэн хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэхийг хичээдэг гадаад худалдаа эрхлэгчид ч байдаг.

Энэ бүхнийг таслан зогсоох үүднээс Гаалийн шинэчлэл хийгдэж байгаа гэдгийг дахин онцольё.

- Хилээр нэвтрэгчид ямар зөрчил их гаргадаг вэ. Илэрсэн зөрчилд мөн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Гаалийн зөрчлийн ихэнх хувийг татвараас зайлсхийх зөрчил эзэлдэг ч хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэсэн том зөрчил буюу хуурамч бараа оруулах гэсэн зөрчил, сүүлийн үед хар тамхи мансууруулах бодис хилээр оруулах гэсэн зөрчил, эсвэл хууль бусаар алтыг экспортод гаргах гэж оролдох зөрчлүүд ч бий.

Мөн Гаалийн байгууллага дотоод хяналт, шалгалтаараа олон зөрчлийг илрүүлдэг.

Энэ тал дээр хууль, хяналтын байгууллагатайгаа хамтарч ажилладаг. 

Хэрвээ ямар нэгэн байдлаар зөрчил илэрсэн тохиолдолд Гаалийн хууль болон бусад журмуудаар хариуцлага тооцож, арга хэмжээ авч ажилладаг.

- Саяхнаас Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллахад хүндрэл гарч байгаа болов уу?

- Замын-Үүд боомт шинэ боомтын барилга угсралтын ажиллагаа дуусаж, ашиглалтад орох хүртэл түр горимоор үйл ажиллагаа явуулна. Одоогоор Чөлөөт бүсийн байрыг ашиглаж зорчигчдоо нэвтрүүлж байгаа.

Энэ тал дээр бид ямар нэг саатал гаргахгүй, иргэдэд хүрдрэл учруулахгүйгээр зохион байгуулалттай ажил хийсэн. Энэ ажил маань амжилттай явж байгаа бөгөөд одоогоор иргэдээс ирсэн гомдол, санал байхгүй байна.

Цаашид гомдол, санал ирэхийг үгүйсгэхгүй ч манай Гаалийн байгууллага ямар нэг байдлаар бизнес эрхлэгчид, иргэддээ хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулалттай ажиллана.