Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын гүнж хүн зодсон хэргээр Францын шүүхээс эчнээ ял сонсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Франц улсын шүүх Саудын Арабын гүнжид хүн зодсон хэргээр 10 сар тэнсэн харгалзах ял, 10,000 еврогийн торгууль оноох шийдвэр гаргажээ.

Шийтгэл хүлээсэн 42 настай Хасса Бинт Салман нь шүүх хуралд биеэр оролцоогүй байна. Тэрээр Саудын Арабын эзэн хаан Салманы охин, угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы эгч юм.

2016 онд Парисын тансаг ангиллын орон сууцанд байрлаж байхдаа гүнж угаалгын өрөөнд засвар хийлгэхээр дуудлага өгсөн байна. Дуудлагаар ирсэн сантехникийн ажилчин засварын ажилдаа ашиглахын тулд угаалгын өрөөний зургийг гар утсаараа авснаас асуудал үүсжээ.

Толинд буусан өөрийнх нь дүрс зурагт гарлаа гэж уурссан гүнж бие хамгаалагчаараа сантехникчийг зодуулсан байна. Ажилчны гарыг хүлж, гүнжийн гутлыг үнсүүлж, хэдэн цагийн турш дарамталсны дараа явуулж байжээ. Мөн зураг авсан гар утсыг нь эвдэлсэн байна.

Энэ үеэр гүнж “Муу нохойг ал! Наадах чинь амьд явах эрхгүй” хэмээн хашхичиж байсныг хэлмэгдсэн ажилчин прокурорт мэдүүлжээ.

Өчигдрийн шүүх хуралд гүнжийн бие хамгаалагч Райна Сайд оролцож, зургаан сарын тэнсэн харгалзах ял, 5,000 еврогийн торгууль хүлээсэн байна.

Анх прокурорууд гүнж, бие хамгаалагч хоёрт ижил тэнцүү шийтгэл төлөвлөөд байсан ч шүүхээс гүнжийн шийтгэлийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.

Гүнжийн хүн зодсон хэрэг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы унасан нэр хүндийг улам унагаж байна. Тэрээр 2017 онд угсаа залгамжлагчаар тодорсон цагаасаа хойш хуучинсаг хаант улсдаа нийгмийн шинэчлэл хийж байгаа залуу удирдагч хэмээн дэлхий дахинд алдаршиж байв.

Гэвч өнгөрсөн онд Истанбул дахь консулын газарт сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөлгөсөн гэх хэрэгт холбогдож, бас хөрш Йемен улсад байлдааны ажиллагаа явуулж байгаагийн улмаас олон арван мянган хүний амь үрэгдсэн зэрэг нь ханхүүгийн нэр хүндийг ихээр сэвтээгээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP