Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Оргилсайхан: Найрамдлын замыг ирэх онд шинэчлэхээр болсон

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын ОНХ асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа. 

- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэчнээн байршилд зам засварын ажил одоогийн байдлаар хийгдэж байна вэ? 

- Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 2019 оны зам засвар, заадас нөхөөсний төлөвлөгөөт ажлууд 100 хувь дууссан. Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 863 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил хийх захирамж гарсан.

Тус захирамжид заасны дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 10 метр куб газар буюу 64 байршилд зам засварын ажил хийгдэхээр гэрээ байгуулах шатанд явж байна.

Энэ хүрээнд дөрвөн аж ахуйн нэгж хүйтрэхээс өмнө буюу технологийн горим алдагдахаас өмнө зам засварын ажлыг бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа.

- Сонгинохайрхан дүүрэг дэхь Зүүнсалаа, Найрамдал зуслан руу явах замын засварын ажил хийгдэж байгаа юу?

 - Найрамдлын замын тухайд насжилт өндөр болсон тул зам засварын ажил хийгдэхэд хэцүү болсон. Иймд бүрэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Уг нь энэ ажил 2019 онд хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байсан боловч санхүүжилттэй холбоотойгоор 2020 онд Найрамдлын замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон.

Харин Зүүнсалааны замын тухайд өвөлжилтийн бэлтгэл ажлын  зам засварууд хийгдээд явж байна.

- Байршлуудыг хэрхэн, яаж сонгодог юм бэ?

- Саяхан усархаг бороо орсонтой холбоотой замын эвдрэл, гэмтлүүд нэлээдгүй гарлаа. Тухайлбал, Их сургуулийн гудамж, Бэлх, Цагдаагийн академийн өргөн чөлөөний, Шар хадны гудамж, 13 дугаар хороолол, Шинэ Монголын замуудад их гарсан.

Гэх мэтчилэн эвдрэл гэмтэл ихтэй, хөдөлгөөн ихтэй байдаг замуудыг сонгодог.