Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Федор робот сансарт ажиллаж чадахгүйгээ харуулсан тул төслийг нь зогсоохоор болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Оросын инженерүүдийн зохион бүтээсэн Федор хүн дүрст робот нь тойрог замд сансрын нисэгчдэд туслах зориулалттай бүтээл байв. “Final Experimental Demonstration Object Research” үгсийн товчлолоор нэрлэгдсэн робот нь задгай сансарт урт хугацаагаар ажиллах зэрэг хүний эрүүл мэндэд эрсдэлтэй даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй.

Федорыг наймдугаар сарын 22-нд хөөргөж, олон улсын сансрын станцад хэд хоног туршсаны дараа өнгөрсөн амралтын өдөр дэлхийд буцааж ирүүлсэн юм.

Гэвч роботын чадвар хангалтгүй байсан тул энэхүү төслийг зогсоох болсноо зохион бүтээгчид нь мэдээлжээ.

“Тэр дахиад сансарт нисэхгүй. Роботыг дахиж турших шаардлагагүй болсон” гэж Андроидная Техника компанийн гүйцэтгэх захирал Евгений Дудоров РИА Новости агентлагт ярьсан байна.

Дудоровын тайлбарлаж байгаагаар 180 см өндөр Федорын хөл жингүйдлийн нөхцөлд ажиллаж чадаагүй гэнэ. Робот нь станц дотрох бариулаас атган биеэ татаж явах үйлдлийг хийж чадахгүй тул нислэгийн турш суусаар буцсан гэнэ.

ОХУ-ын сансрын агентлагийн захирал Дмитрий Рогозин үүнийг баталж, дараа дараагийн зохион бүтээх робот нь заавал хүн дүрстэй байх албагүй гэдгийг хэлжээ.

Гэхдээ Федорт жингүйдлийн орчинд явахаас өөр асуудлууд гарч байсан бололтой. Олон улсын сансрын станцад байрлаж байгаа сансрын нисэгч Алексей Овчинин роботыг асаах гэж арав гаруй удаа оролдоод чадаагүй тул “алхаар нүдмээр” болж байснаа газар дахь хяналтын төвд гомдоллосон тухай РИА Новости мэдээлжээ.

Федор нь сансарт ниссэн анхны робот биш юм. 2011 онд NASA мөн ижил хүн дүрстэй Robonaut 2 роботыг сансарт илгээж байсан нь аюултай орчинд ажиллах үүрэгтэй байв.

Уг роботод техникийн асуудал гарсны улмаас 2018 онд дэлхийд буцаж ирж байжээ. 2013 онд Япон улс Kirobo нэртэй жижиг робот тойрог замд илгээж байв.

Эх сурвалж: AFP